ИНЕГ, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-24 16:43:22

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Агентлагийн Орлогч Дарга Холли Канэвари /Holly E.Canevari/ нар хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэг зурав.


Энэхүү бичиг нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг сайжруулах, боловсон хүчний мэдлэг ур чадварыг нэмэх, түүнчлэн АНУ руу шууд нислэг эхлүүлэх зорилготой юм. Мөн Монгол Улсын нисэхийн салбарт шинэ боломжийг нээж, АНУ-ын нисэхийн аюулгүй байдлын өндөр стандартуудыг нутагшуулахад томоохон түлхэц болно.

Талууд богино хугацаанд шууд нислэгийг эхлүүлэхийн тулд шаардлагатай бэлтгэл хангахад, цаашид олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах юм.


ИНЕГ, АНУ-ын Холбооны Нисэхийн захиргаа хамтран ажилласнаар нисэхийн аюулгүй байдлын үзлэгийн дүрэм журам, стандартыг АНУ-ын Холбооны Нисэхийн захиргааны шаардлагад нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.


Монгол Улс, АНУ хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн яриа хэлэлцээрийн хүрээнд хийж буй энэ алхам нь хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах чухал ач холбогдолтой. Шууд нислэг эхлүүлэхэд хоёр талын эрмэлзэл нь стратегийн хамтын ажиллагааны нэг чухал хэсэг болж, эдийн засаг, аялал жуулчлал, соёлын солилцоог нэмэхэд хувь нэмэр оруулахыг ИНЕГ-аас мэдээлжээ. 

Холбоотой мэдээ