Э.Даваахүү Олимпын шилдэг наймд шалгарсан анхны эрэгтэй мэргэн бууч болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Парис-2024” наадмын буудлагын тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү наймдугаар байр эзлэв.
Тэрбээр урьдчилсан буудлагад 578 оноо авснаар шилдэг наймд үлдсэн Монголын анхны эрэгтэй буудлагын тамирчин болсон юм. Түүний хувьд финалын буудлагад 115.7 оноо авснаар наймдугаар байр эзэлж, Монголын буудлагын спортод түүхэн амжилт үзүүллээ. Э.Даваахүү наймдугаар сарын 4-нд дараагийн тэмцээн болох спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдөнө.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд 49 тамирчин өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Н.Баяраа 627.0 оноогоор 29 дүгээр байрт шалгарсан. Түүний хувьд энэ сарын 31-нд 50 метрээс гурван байрлалд буудах дасгалд өрсөлдөнө.
Харин эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд
44 тамирчин цэц сорьсноос манай тамирчин О.Есүгэн 627.6 оноогоор 18 дугаар байр
эзлэв. Тэр ирэх сарын 1-нд 50 метрээс гурван байрлалд буудах дасгалд онч
сорино.