ХОВД: Эко гутлын үйлдвэр 13 хүнийг ажлын байраар хангадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-15 14:31:12

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол орны алс баруун хязгаарт оршдог Ховд аймагт байгальд ээлтэй, хог хаягдал багатай үйлдвэрлэл хөгжиж эхэлжээ. Энэ удаа бид орон нутгийн иргэд өөрсдөө санаачлан байгуулсан эко гутлын үйлдвэрийг танилцуулж байна.  

 

Тус үйлдвэр 12 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа Ховдынхоо иргэдийг ажилтай болгохоос гадна байгальд ээлтэй бүтээгдэхүүн гаргахыг зорьжээ.  


Гутал тус бүр нарийн шат дамжлагаар бүтнэ. Түүхий эд бэлтгэх, эсгүүр гаргах, оёх, ул наах, хатаах гээд бүх үйл явцыг энд, орон нутгийн ажилтнууд хийдэг.       


Хог хаягдлаа аль болох дахин ашиглахыг хичээдэг. Материалын жижиг хэсэг, өөдсийг түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын дагалдах бүтээгдэхүүн болгож байна.   


Өнөөдрийн байдлаар үйлдвэр 13 хүнийг тогтмол ажлын байраар хангаж буй. Тэдний ихэнх нь залуус буюу 20-35 насныхан юм.  

Үйлдвэрийн ажилтан У.Мерзат: Би энд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Гутлын өсгий, толгой хэсгийг бэлтгэх буюу татлага хийх дамжлагыг хариуцдаг.


Ажиллах орчин бүрдсэн, дулаахан, өдрийн хоолтой, тогтмол цалинтай, эндээс өрхийн орлогоо бүрдүүлж байгаа учир сэтгэл хангалуун байдаг. 


Өдөрт өөрөө бол 20, туслахтай бол 35 хос гутал бэлтгэдэг”.         

Эко гутал ХХК-ийн захирал Э.Энхсайхан: “Бид өнөөдрийн байдлаар гоёлын, уламжлалт, өдөр тутмын гээд 10-15 нэр төрөл загвараар гутал хийж байна. Манай голлох бүтээгдэхүүн гэвэл хөдөлмөр хамгааллын стандарт бүхий гутал юм. Энэ нь удаан эдэлгээтэй, уян хатан, гулгалтын эсрэг бүтэцтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгальд ээлтэй малын гаралтай түүхий эд, арьс, эсгий зэргийг ашигласнаараа онцлогтой.

Мөн тоос шороо, чийг, хүйтнээс тусгаарлах хамгаалалт, 2-3 хос оёдол хийх зэргээр гутлын эдэлгээ чанарыг сайжруулахад анхаарч байна. Үйлдвэр баруун бүс нутагт анхдагч бөгөөд орон нутгийн иргэдээс гадна бусад аймаг, сумдад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Орон нутгийн малчид, барилга, дэд бүтцийн салбарын ажилтнууд, жолооч нар манай үйлдвэрт ирээд гутлаа сонгоод авдаг.  

Цаашид зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаа. 2026 онд Ховд аймгийн Үйлдвэрлэл технологийн паркт Эко гутлын үйлдвэрийн шинэ барилга барина. Улмаар өдөр тутмын болон хүүхдийн гутал урлах шинэ шугамын үйлдвэрлэл нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ажилтнуудын 60 гаруй хувь нь эмэгтэй, бусад хувь нь эрэгтэй юм. Тэднийг ажлын байранд сурган дадлагажуулдаг. Орон нутгийн бүтээгдэхүүн ч чанараараа өрсөлдөх боломжтой. Сүүлийн үед манай гутлын загваруудаас давхар эсгийтэй ажлын гутал хамгийн эрэлттэй байгаа”. 


Ховд аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга А.Арбол: “Эко гутлын үйлдвэр нь залуусын гарааны бизнесийг дэмжих, шинэ санаанд суурилсан шилдэг бизнес төслийг шалгаруулах “Старт ап” үйл ажиллагаанд оролцож, санхүүгийн дэмжлэг авч байсан. Анх гурван ажилтантай жижиг цех байсан бол одоо бүтээгдэхүүний нэр төрөл, загвар хийц, борлуулалтын сүлжээгээ өргөжүүлж 10 гаруй ажилтантай томоохон үйлдвэр болсон байна. Ийнхүү үйлдвэрлэл хөгжих нь орон нутгийн эдийн засагт, цаашлаад ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой”.    

Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ХАБЭА-н инженер Ц.Болормаа: Бид Эко гутал ХХК-тай олон жил хамтран ажиллаж байна. Ажилтнуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан техникийн тодорхойлолт гаргаж өгдөг. Үүний дагуу орон нутагт үйлдвэрлэсэн хөдөлмөр хамгааллын чанартай гутал нийлүүлдэг. Өмнө нь манай байгууллага Улаанбаатар хотоос ажилтнуудад зориулсан хөдөлмөр хамгааллын стандарт бүхий гутал захиалж байсан. Заримдаа гутлын хэмжээ (size) таарахгүй, буцаах, солих, хүлээх гээд асуудал үүсдэг. Харин орон нутагт хөдөлмөр хамгааллын стандарт бүхий гутал үйлдвэрлэх болсноор энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх, цаг хугацаа, зардал хэмнэх, зарим ажилтны гутал таарахгүй бол өөрийн биеэр үйлдвэрт очиж солиод авах боломжтой болсон”.

Эко гутлын үйлдвэр жилд 6-7 мянган хос гутлыг стандартын дагуу хийж, зах зээлд нийлүүлж байна.     



Холбоотой мэдээ