ЗАВХАН: XVIII зууны үеийн хүрэл уур нүдүүр хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны
долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд XVIII зууны сүүл
үеийн хүрлээр цутгаж хийсэн уур нүдүүр хадгалагдаж байна.
100 жилийн түүхтэй Завхан аймгийн музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 11500 гаруй үзмэртэй. Аймаг, орон нутгийн онцлог бүхий “Орон нутгийн музей” болон “Алдартны музей” гэсэн хоёр төрөлжсөн музейн нийт 18 танхимд үзмэрээ дэглэн олон нийтэд үзүүлж байна.
Үүний нэг болох хүрэл болон төмөр цутгамал уур нүдүүр нь музейн
угсаатны үзмэрт байрладаг эртний олдвор юм. Хажуу талын хоёр бөөрөндөө
амуу тарианы дүрстэй, ирмэг хэсгийг эмжээрлэн давтаж хийсэн байдаг.
Анх уг үзмэр нь музейн үзмэр цуглуулгаар орж ирсэн байна.
Эрт цагийн монгол айл бүр хүрэл, төмөр, модон, чулуун хэлбэрийн уур нүдүүрээр
цайгаа нунтаглаж үйрүүлэхээс гадна төрөл бүрийн эмийн ургамал, будаа тариа
тэргүүтнийг нүдэж жижиглэн амьдрал ахуйдаа хэрэглэж байсан түүхтэй.
Уур нүдүүрийг айл гэрт байх сайн гэж ярьж, хадгалж дээдэлдэг уламжлал одоо ч Завхан нутагт бий. Айл гэрийн эзэгтэйд уур нүдүүр заавал байх учиртай гэж үздэг.
Айлын бэр болсон охиныхоо хормой дээр нүдүүр тавьж орхиод буцдаг ээж хүний ёсон бий. Энэ ёсыг өдгөө зарим суманд охиноо бэр болгох найрын үед ёсчлон өвлүүлж байна.
Айлд бэр болон очиж байгаа охин гоо үзэсгэлэндээ эрдэн элдэв
ааш аяг гаргах нигууртайг өвөг дээдэс маань мэдэрч охин үрээ бэр болон явахад
нь аливаад холч ухаанаар хандахыг бэлгэдэж уур, нүдүүр өгдөг байсан домтой.
Монгол эхнэр хүн хар хүндээ уурладаггүй, уурласан үедээ уур
нүдүүрэндээ юм нүдэж гаргадаг байсан гэх ч хууч яриа бий. Охин үрээ айлын бэр
болж төрсөн гэрээсээ мордоход нь уур, нүдүүр бэлэглэж ирээдүйн амьдрал, зам
мөрийг нь ийнхүү тэгшитгэдэг байжээ.
Монголчууд чимээ, үнэрээр гэрийн энергиэ засдаг байсны
хамгийн тод жишээ бол уур, нүдүүр юм. Нойрон дунд өглөө галаа үнэртүүлэх. Монгол
ээжийн цайгаа нүдэх чимээний давтамж зөөлөн ая хөг шиг сонсогдох нь сайхан.
Ингэж монголчууд үнэр, чимээгээр айл гэрийнхээ энерги
эрчмийг засдаг байсан. Гэрийн мухарт хурсан муу муухай бүхэн уур нүдүүрийн
чимээнд сарнин алга болж цайны сайхан үнэрээр сэтгэлээ ариутган засдаг байсан соёл
уламжлалтай.
Уур нүдүүрийн чимээ сонсоод, тулганы өмнө ямагт эзэнтэй буй
юм байна хэмээн гал голомт баярладаг гэх хууч яриа ч бий.
Тавиурын дээд хөлөөс зүүгээтэй ууттай цайг цухуйлгаж уутнаас
алхаар зөөлөн гэгч тоншиж холтлоод ууранд хийж нүднэ. Цайны алх гэж тусдаа бий.
Цайтайгаа хамт уутан дотроо байдаг гээд уур, нүдүүртэй холбоотой хуучин цагийн хууч
яриа, ёс нутаг бүрт өөр. Одооны цай нь шууд шээс болж гадагшилдаг бол нүдүүрэнд
нүдсэн цайны идээгээр цай чанахад тухайн цай нь шууд гадагшлахгүй биед ашигтай
хэлбэрээр үлддэг буюу муухан хоолноос илүү хэмээн хууччуул ярьдаг байсан нь
учиртай гэж Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг мэдээлэв.
Сонирхуулахад Л.Түдэвийн "Цээрлэл зүй" номд өгүүлснээр уур нүдүүр хоосон нүдэх, холхиулах цээртэй. Уур нүдүүрийг угсарч тавих цээртэй. Уурыг хөмөрч үл тавих, уур зүүнтээ /гэрийн/ нүдүүр баруунтай байна.
Нүдүүр дээр гишгэвэл эцгийнхээ толгой дээр гишгэсэнтэй адил цээртэй. Уур, нүдүүр дээр суухгүй, унгараг болно. Хүүхдийг гэрт ганцааранг нь орхивол дэргэд нь нүдүүр тавина. Тархи доргивол уураар домнодог хэмээн өгүүлжээ.
Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн уурагт улаан цайгаа уур, нүдүүртээ хийн хүртэж эрүүл мэнд, ахуй орноо засдаг байсан сайхан уламжлалыг өдгөө Завханы олон суманд хадгалж авч үлджээ.
Занабазарын музейд хадгалагдаж буй модон уур, нүдүүр
Төмөр цутгамал уур нүдүүр, хувь хүний цуглуулгаас