Орбис нүдний эмнэлэг Монголд 9 дэх удаагаа нисэж ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны урилгаар Орбис нүдний "нисдэг эмнэлэг" 9 дэх удаагаа Монгол Улсад энэ сарын 4-нд ирлээ.
Энэ сарын 22-ныг хүртэл Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд байрлах Нүдний нисдэг эмнэлэг, ЭХЭМҮТ, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон хөдөө орон нутагт ажиллаж буй нүдний эмч, сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер нарт сургалт явуулах юм.
Алкон Сан, ФедЭкс болон ОМЕГА ивээн тэтгэгчдийн дэмжлэгтэйгээр энэхүү төсөл нь нүдний эмч болон бусад эмнэлгийн мэргэжилтний чадварыг дээшлүүлэх, түнш эмнэлгүүдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах, ард иргэдэд нүдний эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дэлгэрүүлэн таниулах зорилготой.
Орбис Нүдний Эмнэлэг нь MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхий дээрх цорын ганц, Америкийн Нэгдсэн Улсад магадлан итгэмжлэгдсэн нүдний эмнэлэг юм.
Орбис нүдний эмнэлэг нь MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхий дээрх цорын ганц, Америкийн Нэгдсэн Улсад магадлан итгэмжлэгдсэн нүдний эмнэлэг юм. Энэхүү эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг.
Тус эмнэлэг 1989 онд Монгол Улсад анх ирснээс хойш найман удаа айлчилсан бөгөөд хамгийн сүүлд 2018 онд иржээ. Хэдийгээр ковидын цар тахлын жилүүдэд биечлэн ирэх боломжгүй байсан ч цахимаар дөрвөн сургалт зохион байгуулжээ.
Орбис нь 2014 оноос эхлэн Монгол Улсад хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд салбараа нээж үйл ажиллагаагаа улам өргөжүүлээд байна.
"Орбис интернэшнл" ОУБ-ын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ хэлэхдээ, “Орбис ОУБ-ын онцлог нь тухайн орны эмч эмнэлгийн мэргэжилтний чадавхыг сайжруулж, тогтолцоог сайжруулахад түлхүү анхаардаг. "Нүдний нисдэг эмнэлэг" төсөл нь нүдний эмчээс гадна мэдээгүйжүүлэгч эмч, сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэх зэрэг нүдний эмчилгээний бүхий л мэргэжилтнийг багаар нь чадавхжуулж байгаад баяртай байна” хэмээв.
"Орбис интернэшнл" нь Африк, Ази, Латин Америк даяар төсөл хэрэгжүүлдэг, дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой үйлчлэх нүдний эмчилгээний тогтолцоог бий болгох зорилгоор 40 гаруй жилийн турш ажиллаж буй АНУ-д төвтэй, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.