Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмж, хүлэмжийн хийг багасгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжин амьжиргааг нэмэх” төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд энэ онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх
үүсвэрт шилжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, ач холбогдлын
талаарх иргэд олон нийтийн
мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт,
сурталчилгааг зохион байгуулж байна. Үүнтэй
холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон
агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн
Бүс нутаг хариуцсан суурин төлөөлөгч Лин Цаотай уулзаж, төслийн хэрэгжилт,
цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.
Нарны
эрчим хүчээр 76 айл өрхийн хэрэглээг хангах судалгаа болон бусад бэлтгэлээ ханган, суурилуулж эхлээд
байна. Нийслэлийн гэр хорооллын өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг
сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэх замаар хүлэмжийн хийг багасгах боломжтойг төсөл хэрэгжүүлэгчид
онцолж байна.
НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Төвлөрсөн дулаанд холбогдоогүй гэр
хорооллын оршин суугчид өвлийн турш шахмал түлш түлдэг. Гэр хорооллын 200 мянга орчим өрх нүүрсэн суурьтай
түлшээр халаалтын хэрэгцээгээ хангаж байгаа нь агаар бохирдуулах гол хүчин зүйл болдог. Ингэснээр оршин суугчид болон эмзэг бүлэгт багтдаг, өрх толгойлсон
ээжүүдтэй өрхийн гишүүдийн эрүүл мэндэд аюул учруулж байна. Энэ нь Монголд сэргээгдэх эрчим
хүчний шинэ загварт шилжих үндэслэл болж байгаа юм. Цаашид төслийг өргөжүүлэн,
сэргээгдэх эрчим хүчний салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.