СЭЛЭНГЭ: 400 га доройтсон ойг 2 настай 1 сая ширхэг нарсны тарьцаар нөхөн сэргээжээ
ТЭРБУМ МОДСүхбаатар, 2024 оны наймдугаар
сарын 22 /МОНЦАМЭ/. Тэрбум мод сангийн төлөөлөгчид болон ойн салбараас төрсөн
Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, ойн мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг
аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хүлээн авч уулзан хамтран ажиллах 2 дахь
гэрээнд гарыг үсэг зурлаа.
Гэрээнд тусгасан ажлыг Сэлэнгэ аймгийн
Засаг даргын дэмжлэгтэйгээр, Тэрбум мод сангийн санхүүжилтээр, тус аймгийн ойн
мэргэжлийн байгууллагууд хийж гүйцэтгэх юм.
Анхны гэрээг хавар байгуулан 1 сая мод
тарьжээ. Аймгийн Засаг даргын хувьд эхний ажил амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгч
байгаад талархлаа илэрхийллээ. Мөн тэрээр цаашид ховор шилмүүст мод тариалах,
хортон шавьжтай тэмцэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг санал
болголоо.
2024 оны хавар Тэрбум мод сангийн зүгээс
ойжуулалтын чиглэлд санхүүжилт хийгдсэн том төслийн нэг болох Сэлэнгэ аймгийн
400 га доройтсон ойг 2 настай 1 сая ширхэг нарсны тарьцаар нөхөн сэргээсэн
байна.
Уг ажлын хүрээнд Алтанбулаг сумын “Саалийн
эрээн”, “Сэнт чулуу”, “Өрлөг” зэрэг газруудад 400 га талбайд ойн мэргэжлийн
байгууллагууд болох “Ойн хүрэм” ХХК, “Өргөн Сэлэнгэ” ХХК, “Говийн улиас” ХХК,
“Бугант номин” ХХК-иуд тус бүр 100 га талбайд ойжуулалтын ажил хийжээ.
Дээрх
ажлын 1 га-ийн төсөвт өртөг 8.9 сая төгрөг бөгөөд нийт 3.5 тэрбум
төгрөгийн санхүүжилтээр хийжээ. Тэрбум мод сангийн зүгээс эхний ажил амжилттай
хэрэгжиж байгааг онцлоод дахин 1 сая мод тарих гэрээг ийн хийлээ.
Энэхүү ажил нь нийтдээ 7 орчим тэрбум
төгрөгийн санхүүжилттэй юм байна.
Тус үйл ажиллагааны үеэр ойн мэргэжлийн
байгууллагын хүмүүстэй уулзаж ярилцлаа.
“Өргөн Сэлэнгэ” ХХК-ийн
захирал, Байгаль орчны гавьяат ажилтан Д.Нэргүй:
-Тэрбум модны хүрээнд Сэлэнгэ аймагт төсөл хөтөлбөр маш сайн явагдаж байна. Яагаад гэвэл өмнө нь бид өөрсдийнхөө тарьсан зүйлийг борлуулж чаддаггүй байсан. Гэтэл одоо Тэрбум мод сангийн дэмжлэгтэйгээр модоо борлуулж байна. Мөн борлуулалтаа хийж чадахгүй байгаа зарим хүмүүст туслаж байна. Тийм учраас маш их ач холбогдолтой.
Бид хавар 1 сая ширхэг мод тарьсан. Одоо дахиад 1 сая мод
тарих гэж байна. Ойчид гэхгүйгээр манай аймгийн ард иргэд өөрсдөө мод тариад
сурсан. Яагаад гэвэл Тужийн нарсны цамхагийн 100 га газарт Сэлэнгэ аймгийн хөдөлмөрчид
бүгдээрээ очиж мод тарьсан, манай аймаг ургуулдаг аймаг.
Гэхдээ тарьж буй модонд зааг байх
хэрэгтэй. Шилмүүст мод 1 ширхэг нь 1 доллар болжээ гэж бодоход навчит модноос илүү
хөдөлмөр шаардаж байж ургана. Иймээс арай илүү үнэтэй байх ёстой. Энэ 2 модны
онцлог, зөрүүг хүмүүст маш сайн ойлгуулах нь чухал. Шилмүүст модыг ургуулахад
маш их хүч хөдөлмөр орно, тэгж гэмээнэ ургана. Тэгж байж 1 доллар болгодог.
“Бугант Номин” ХХК-ийн ойн
инженер, Байгаль орчны гавьяат ажилтан О.Алтанцэцэг:
-Сэлэнгэ аймагт анх удаа энэ сайхан үйл ажиллагааг эхлүүлэж байна. Бид мэргэжлийн байгууллагуудын хувьд маш их дэмжиж байгаа. Сэлэнэ аймагт нарсны тарьцыг ургуулаад бүр ой болгочихсон “Тужийн нарс” байна. Үүнийг бид 14 жилийн турш туршлагатай инженерүүдийн тусламжтайгаар тарьж ургуулсан. Одоо бид доройтсон ойгоо сэргээх зорилгоор ой дотроо тарьж байна.
Цаашид элсний нүүдлийг зогсоох үүднээс ойн сангаа өшөө нэмэгдүүлж, тэлж ургуулах шаардлага бидний өмнө тулгарч байна. Тэрбум мод сангийн үйл ажиллагаа 30 он хүртэл үргэлжлэх юм чинь энэ хугацаанд манай залуу халаа, залуу ойчид маш сайн ажиллах байх гэдэгт итгэж байна.