ЦССҮТ шаардлагатай цусны нөөцийг орон нутагт тээвэрлэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-13 16:36:50

ЦССҮТ-өөс өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, шинэ техник технологи нэвтрүүлснээ танилцууллаа.

Улсын II төв эмнэлгийн ард байрлах ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний шинэ төвийг 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Цусны албанд 2016 он гарсаар олон шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ. Тухайлбал, Аферезын аргаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Вирус идэвхгүйжүүлэх, Цусан бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах технологийг  ажиллуулж эхэлсэн байна. Аферезын арга нэвтэрснээр нэг донорын цуснаас олон төрлийн эсийн бүтээгдэхүүн бэлтгэх боломжийг олгох юм. Тухайлбал, 1 донорын цуснаас 2 нэгж улаан эс, 3 нэгж сийвэн, 6-12 нэгж ялтас эсийн өтгөрүүлэг, үүдэл эсийг ялгаж авах зэрэг хувилбараар бүтээгдэхүүн бэлтгэх боломжийг олгож байна.

Тус төвд 125 нэр төрлийн тоног төхөөрөмж бий. Эдгээрийг цус цуглуулах, шинэчлэх, хадгалах, тээвэрлэх гээд цогцоор нь бүрэн тоногложээ. Мөн 21 аймгийн салбар төвүүдэд 65 нэр төрлийн төхөөрөмж иж бүрэн суурилуулсан байна.

ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр хэлэхдээ, “Нэг дусал цусаар олон зүйлийг тодорхойлох боломжтой. Аливаа хавдарт нууц үе гэж байдаг. Энэ үеийг аппаратны тусламжтай устгах боломжтой. Цус хадгалах лаборатори бүрэн хүчин чадалтайгаар ажиллах боломжтой боллоо. Мөн цахим албаны мэдээлэл, удирдлагын систем ажиллаж байна. Үүгээр үйл ажиллагаа, тайлан мэдээлэл, чанар хяналтын систем болон хүйтэн хэлхээний температур хяналтын системийг хянадаг. Мөн шаардлагатай цусны нөөцийг орон нутагт тээвэрлэх бүрэн боломжтой болсон” гэв.

Эдгээр аппарат АНУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн шинэлэг технологи бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний хадгалалтыг горимын дагуу явуулж байгаа аж.

Шинжилгээний сорьцыг манай улс 1-3 жил, Япон улсад 10 жил хүртэл хугацаанд хадгалдаг юм байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ