У.Сүрэнжав: Өнөөдрийн амжилтад хүрэхэд дэмжиж тусалсан маш олон хүн бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-09-12 15:36:34

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон шигшээ багийн багш тамирчдад өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн юм. Энэ үеэр зарим тамирчин дасгалжуулагчдаас сэтгэгдлийг нь сонслоо.


Хөдөлмөрийн баатар, Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав:

-Төрийнхөө далбаагаа Парисын тэнгэрт мандуулсаны дараагаар өнөөдөр Хөдөлмөрийн баатрын цол тэмдгээр шагнуулсандаа маш их баяртай байна. Өнөөдрийн амжилтад хүрэхэд дэмжиж тусалсан маш олон хүн бий. Хамгийн түрүүнд хоёр багшдаа, Монголын Паратаеквондогийн холбооны удирдлагын багийнхандаа, бэлтгэл хангагч найзууд, ах дүү нартаа маш их баярлалаа. Та нар минь байсан тулдаа би энэ сайхан цол тэмдгээр энгэрээ мялаасан гэж бодож байна.


Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Н.Уламбаяр:

-Миний охин чинь айлын гурав дахь хүүхэд. Манайхаас спортоор хичээллэж байгаа ганц нь юм. Охиноо Хөдөлмөрийн баатар хэмээх нэр хүндтэй цол авна гэж дуулаад, хөдөөнөөс яарч сандран ирлээ. Хүүхэд байхаасаа эрэмгий, асуудалд хянамгай, ажилд няцдаггүй зан төлөв суусан. Спортоор өөрийнхөө сонирхлоор хичээллэж эхэлсэн. Тэр цаг үеэс нь эхлээд эцэг хүний хувьд зоригтой, хийморьтой явдаг юм шүү л гэж захиж ирсэн. Охиндоо Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд баяр хүргэе.  


Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү:

-Монгол Улсын Гавьяат тамирчин болсондоо маш их баяртай байна. Баг тамирчид, хамт олон, ээж аав, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Парис-2024 наадмын медалийн салхийг хагалсандаа маш их баяртай байгаа. Монгол Улсынхаа төрийн дууллыг Парисын тэнгэрт эгшиглүүлсэн Парагийн баг, хамт олондоо мөн баяр хүргэе. Ямагт дэргэд минь байж, дэмжиж тусалдаг М.Бурмаа багшдаа баярлалаа гэж хэлье.


Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Н.Эрдэнэбаатар:

-Бага наснаас минь энэ спортод дурлуулж оруулсан ээж аавдаа талархал илэрхийлье. Тэд маань намайг өдий зэрэгтэй хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн байна. Би дөрвөн охинтой. Ар гэрийн бүх ачааллыг үүрч явдаг хайрт ханьдаа маш их баярлаж байна. Найман настайд минь энэхүү спортод н.Баярсайхан багш маань хөтөлж оруулж байлаа. Олон улсын тэмцээнд анх авч явж байсан багш асан н.Гантөмөр болон ар гэрийнхэнд нь талархал дэвшүүлье. Парагийн энэ спортыг анх хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан н.Отгонбаатар маань тэнгэрийн орноос биднийгээ харж, бахархаж байгаа байх гэж бодож байна. Уг спортыг үүсгэн хөгжүүлсэн багш нартаа дахинтаа баярласнаа илэрхийлье. Цаашид энэ спортоор манай тамирчид тив дэлхийн тавцанд олонтаа гарч, төрийн дууллаа эгшиглүүлэх байх. Миний бие хар багаасаа тамирчин, дасгалжуулагч, олон улсын шүүгч, шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллалаа. Энэ жил гурав дахь Олимпдоо оролцож, алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна.


Үндэсний шигшээ багийн тамирчин, Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун:

-Хэдийгээр медаль авчраагүй ч гэсэн 17 насандаа энэ бүхнийг хийж чадсандаа баяртай байна. Ерөнхийлөгчөөсөө өнөөдөр Алтан гадас одон гардаж авлаа. Энэ яваа насандаа мартахааргүй баяртай үйл явдал боллоо. Энэхүү наадамд оролцогч бусад тамирчид маань амьдралын олон хүнд бэрх давааг даван туулсан хүмүүс байсан. Тэд өөрт тохиолдсон бүхнээ даван туулж, тус наадамд оролцож байгааг нь харах, тэдэнтэй нэг газарт цугтаа байгаа нь үнэнхүү гайхалтай мэдрэмжийг төрүүлж байсан. Надад олон Олимпод оролцох нас байна. Энэ удаагийн наадамд олон үзэгчтэй байсныг хэлэх үү, салгалаад маш их сандарсан. Дараагийн Олимпод илүү туршлагатай, бэлтгэлтэй оролцоно байх. Усанд сэлэлтийн төрөлд анх удаа эх орноо төлөөлж Паралимпын наадам оролцсон нь бахархмаар үйл явдал байсан. Мөн хаалтын үйл ажиллагаанд улсынхаа тугийг өргөж явснаа бодоход сайхан байна.


Дасгалжуулагч З.Сувд:

-Номууныг би дангаараа дасгалжуулаагүй. Бид Казахстаны шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийсэн. Казахстанаас гадна Турк Улсад өндрийн бэлтгэл хийсэн. Ер нь Олимпын эрхээ авсны дараа богино хугацаанд шаргуу бэлтгэл хийсэн л дээ. Бид цаашид тамирчдынхаа тоог нэмэх хэрэгтэй байна. Ганц тамирчин бол ганц л юм байна. Дор хаяж 2-3 тамирчинтай болбол пара усан сэлэлтийн төрөл эх оронд маань хөгжих юм даа. Пара усанд сэлэлт нь ямар хөгжлийн бэрхшээлтэйгээсээ хамаарч өөр өөр ангилалтай байдаг. Манай тамирчин ганцаараа хэдий ч хоёр төрөлд амжилттай оролцсон нь маш том бахархал юм. 

Холбоотой мэдээ