Олон улсын өнгөт металл үйлдвэрлэгчдийн тэмцээнээс Монголын баг алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-09-13 14:26:19

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. "Бүс ба зам” санаачилгын хүрээнд олон улсын өнгөт металл үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн дунд зохиогдсон тэмцээнээс Монгол Улсаас оролцсон баг алтан медаль хүртлээ.

 

БНХАУ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилга нь хамгийн их хөрөнгө оруулалттай эдийн засаг, худалдааны төсөл бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нь чухлаар тавигдаж буй. Иймээс олон улсад үйл ажиллагаа явуулдаг өнгөт металл олборлогч аж ахуй нэгжүүдийн ээлжийн ахлагчийн ур чадвар дээшлүүлэх тэмцээнийг 2023 оноос зохион байгуулж эхэлсэн байна.


Монгол Улсад уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг CREC Эрдэс Баялгийн Группийн "Шинь Шинь" ХХК нь хоёр дахь жилдээ энэхүү тэмцээнд ажилтнуудаа оролцууллаа.

Монгол, Этиоп, Падуа Шинэ Гвиней, Пакистан, Перу,  Конго, Замби, Гвиней зэрэг найман улсын нийт 13 багийн 64 оролцогч өрсөлдсөнөөс Монгол Улсад БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулдаг CREC Эрдэс Баялгийн Группийн "Шинь Шинь" ХХК-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй баг Багийн төрөлд алтан медаль, хувийн үзүүлэлтээр 1 гишүүн алтан медаль, 4 гишүүн мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн нь олон улсын хэмжээнд Монгол ажилтнуудын ур чадвар хэдий хэмжээнд байгааг илтгэн харуулсан үйл явдал боллоо.

 

Ур чадварын тэмцээн БНХАУ-ын Улаанхад хотод зохиогдсон ба  ээлжийн ахлагчийн ур чадварыг дээшлүүлэх тэмцээн нь онолын мэдлэгийн шалгалт, илтгэл мэтгэлцээн, практик ажиллагаа гэх гурван хэсгээс бүрдсэн аж.

 

“CREC” корпорац нь инженерийн судалгаа, зураг төсөл, барилга байгууламж, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, орон сууцны барилга, уул уурхай, санхүүгийн хөрөнгө оруулалт болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон корпорац бөгөөд 17 жил дараалан “Fortune Global” дэлхийн ТОП-500 аж ахуйн нэгжийн жагсаалтад багтсан, 2022 онд тус жагсаалтын 34, Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн V байрт эрэмбэлэгдсэн. Түүнчлэн, уул уурхай болон дэд бүтцийн төслүүдийг уялдуулан хэрэгжүүлэхдээ уул уурхайн төслүүдийн үр дүнгээр дэд бүтцийн төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийддэгээрээ онцлогтой корпорац юм.

Холбоотой мэдээ