Боксын Дэлхийн цомын тэмцээн Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-17 12:13:48

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Олон улсын сонирхогчийн боксын холбоо буюу IBA-тай өрсөлдөж, ОУОХ-нд хүлээн зөвшөөрөгдөх зорилгоор байгуулагдсан World Boxing холбооноос энэ жил Дэлхийн цомын хоёр тэмцээн зохион байгуулсан.


Эхнийх нь нэгдүгээр сард Английн Шеффилдэд, удаах нь дөрөвдүгээр сард АНУ-ын Колорадо хотноо болсон билээ.


Тэгвэл Дэлхийн цомын гурав дахь тэмцээн энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. UG Arena-д дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус тэмцээний тасалбарыг борлуулж эхэлжээ. Өдөр өдрийн тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд дөрвөн өдрийн тасалбарыг багцаар нь авбал 30 мянга болох аж.


Тэмцээнийг эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэй зургаан жингийн ангиллаар зохион байгуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 20 гаруй орны тамирчид мэдүүлэг өгсөн байна. Жин тус бүрийн ялагчид ирэх арваннэгдүгээр сард Английн Шеффилд хотноо болох Дэлхийн цомын финалд өрсөлдөх эрхтэй болох юм. Боксын олимпын хөтөлбөрт үлдээхийн төлөө тэмцэж буй World Boxing холбоонд өдгөө Монгол тэргүүтэй 44 улс нэгдсэн.


Дашрамд сонирхуулахад, Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод зохион байгуулсан олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаад иржээ. 21 хоног үргэлжилсэн энэхүү бэлтгэлд 100 орчим тамирчин оролцсон байна. 

Холбоотой мэдээ