Хятадын захаас ковид дэгдсэн гэх онолыг судалгаагаар баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДПАРИС, 2024 оны есдүгээр сарын 20 /AFP/. 2019 оны сүүлчээр Хятадын зах дээрх халдвартай амьтдаас хүмүүст вирус халдсан гэсэн онолыг батлах шинэ нотолгоог ковид-19-ийн гарал үүслийн талаарх хамгийн сүүлд хийсэн судалгаагаар гаргажээ. Ковид дэгдсэнээс хойш таван жил орчмын хугацаа өнгөрч буй энэ үед олон улсын хамтын нийгэмлэг вирус яг хаанаас гаралтайг тодорхой тогтоож чадахгүй байсан юм.
Халдварын эхний тохиолдлууд 2019 оны сүүлчээр Хятадын Ухань хотод илэрсэн боловч хоёр гол онол дээр ширүүн маргаан өрнөсөөр иржээ. Эхнийх нь "Уханийн лабораториос вирус алдагдсан" гэх таамаглал бол нөгөө нь хотын зах дээр зарагдаж байсан халдвартай зэрлэг амьтнаас хүмүүст халдвар тархсан гэх таамаглал юм. Олон улсын судлаачид сүүлийн онолыг илүү магадлалтай гэж үздэг боловч маргаан үргэлжилсээр байна.
Шинжлэх ухааны “Cell” сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн шинэ судалгаа нь Ухань хотын Хуанань далайн бүтээгдэхүүний захаас цуглуулсан 800 гаруй сорьц дээр үндэслэсэн бөгөөд тэнд зэрлэг хөхтөн амьтдыг худалдаалж байсан гэж үздэг. Тэдгээр сорьцыг 2020 оны нэгдүгээр сард захыг хаасны дараа цуглуулсан бөгөөд амьтан, хүнээс шууд аваагүй, харин зэрлэг ан амьтдын худалдаалдаг лангууны гадна тал, түүнчлэн ус зайлуулах хоолойноос цуглуулсан байна.
Хятадын эрх баригчдын танилцуулсан ийм төрлийн мэдээллээс үзэхэд зах дээр байсан амьтад халдвар авсан эсэхийг бид баттай хэлж чадахгүй байна гэж судалгааны багийн ахлагч Флоренс Дебарре Франс Пресс агентлагт ярьжээ. Гэсэн хэдий ч Францын CNRS судалгааны агентлагийн биологич ярихдаа, бидний судалгаагаар 2019 оны сүүлчээр энэ зах дээр загал элбэнх, цивет гэх мэт зэрлэг амьтад байсан гэдгийг баталж байна гэв.
Эдгээр амьтан захын баруун өмнөд буланд байсан бөгөөд энэ хэсгээс ковид-19-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” вирус их хэмжээгээр илэрсэн байна. Эдгээр жижиг хөхтөн амьтдад хүмүүсийн халдварладагтай ижил төстэй вирус халддаг тул хүн ба сарьсан багваахай /энэ амьтнаас “SARS-CoV-2” үүссэн гэж таамаглаж байгаа/ хоорондын завсрын тээгч байж болзошгүй гэж таамаглаж иржээ. Гэрэл зургууд бүхий нотлох баримт болон 2021 оны судалгааг эс тооцвол эдгээр амьтан Хуанань зах дээр байсан эсэх нь эргэлзээтэй байжээ.