Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад ЖАЙКА хамтран ажиллахаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга асан Танака Шиничи болон шинээр томилогдон ирсэн Мияги Кэнсүкэ нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Мияги Кэнсүкэ хүлээн авч, уулзаж
байгаад талархал илэрхийлээд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын
хувьд Монгол Улстай олон жилийн туршид хамтын ажиллагааг өрнүүлж ирснийг онцлоод эрүүл мэндийн салбар нь хамтын
ажиллагааны чухал салбарын нэг болохыг дурдав. Цаашдын хамтын
ажиллагаа улам бэхжиж, эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай
хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яамнаас дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа
илэрхийллээ.
Танака Шиничигийн хувьд ЖАЙКА-гийн Монгол Улс дахь
төлөөлөгчийн газрын даргаар 2,5 жил ажиллаад буцаж байгаа юм. Энэ хугацаанд Эрүүл мэндийн яам нягт
хамтран ажиллаж, бүх төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн болохыг онцлон
тэмдэглэв. Мөн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд
Ерөнхий боловсролын хоёр сургуульд Япон Улсын төрийн бус байгууллагатай
хамтран шүдний үзлэг хийж, дуусах шатандаа орсон болохыг тэмдэглэж цаашид
хүүхдийн шүдний өвчлөлийн тал дээр хамтран ажиллах боломжтой гэдгээ дуулгалаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа уламжлаад цаашид ЕБС-ийн үдийн хоол, эрүүл мэндийн боловсрол олгогч багшийг бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг сургуулийн насны хүүхдэд эхлүүлэх болсон талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах тал дээр ЖАЙКА-тай хамтран ажиллахад бэлэн байна гэв.