Монгол, БНХАУ-ын харилцаа бүх салбарт эрчимтэй хөгжсөнийг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-09-24 14:27:08

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбараас Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жил”-ийн ойн хүрээнд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын харилцаа” эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-нд өнөөдөр зохион байгууллаа.

 

Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлд шилжсэнээс хойших 10 жилийн Монгол-Хятадын улс төрийн харилцаа, Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, Монгол-Хятадын хүмүүнлэгийн харилцаанд холбогдох үйл явдлыг нэгтгэн дүгнэж танилцуулснаараа онцлогтой.    

 

Хурлыг нээж ШУА-ийн ОУСХ-гийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо хэлэхдээ, “Энэ 2024 онд Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулсны 30 жил, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-нд шилжсэний 10 жилийн ой тохиож буй түүхэн он билээ. 

2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр улсын харилцааг ахиулан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ шатанд шилжсэнээс хойш Монгол Улс, БНХАУ-ын харилцаа бүх салбарт эрчимтэй хөгжиж томоохон үр дүн үзүүлэв. Энэ хугацаанд хоёр талын удирдагчид дээд түвшинд олон удаа харилцаж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, эдийн засгийн хамтын ажиллагаа улам нягтарч, хүмүүнлэгийн солилцоо улам идэвхжиж ирлээ.


Олон зуун жилийн түүхтэй манай хоёр ард түмний харилцаа өнөөдөр түүхийн хамгийн сайн үедээ ороод байгаа бөгөөд хөрш улс орнуудын харилцаа, том жижиг улсуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ болон хөгжиж байгаа билээ.

 

Цар тахлыг амжилттай даван туулсны дараахан 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг гаргасан нь онцгой чухал үйл явдал болсон. Ингэснээр манай улсаас “Талын зам” үндэсний хөтөлбөрийг БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэпхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой уялдуулан хөгжүүлэхээ мэдэгдсэн нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны одоо цагийн замын зураглал болж байна” гэв.



Тус хуралд ШУА-ийн ОУСХ-гийн хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол Хятадын улс төрийн харилцаа” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” бол манай улсаас байгуулсан стратегийн түншлэлийн дунд онцгой чухал байр суурьтай байна. Энэхүү онцгой чухал байр суурь нь нэгдүгээрт, хоёр улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохын хувьд, хоёрдугаарт, Монгол Улсын түншлэлийн харилцааны сүлжээг хөгжүүлэх зорилтыг урагшлуулах хүч болсныхоо хувьд, гуравдугаарт, агуулга багтаамж ба улс төр, худалдаа эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбарт жигд тогтвортой хэрэгжиж байгаа зэргээр илэрч байна. 

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цаг үеийн нөхцөл шаардлагад нийцэн улам өргөжиж, цаашид эдийн засгийн бодит хамтын ажиллагааг үсрэнгүй хөгжүүлж, улс орны ба ард иргэдэд бодит үр өгөөжөө улам ихээр хүртээх таатай нөхцлийг бүрдүүлж, цаашид үргэлжлэн эрчимтэй хөгжих улс төрийн үндэс суурийг улам бататгасан байна” хэмээн дурдав.


Мөн хурлын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын хүмүүнлэгийн харилцаа сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.






Холбоотой мэдээ