Каллиграфич О.Ням-Очир “Эгчим” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.garmaa@montsame.gov.mn
2024-09-26 13:29:57

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын уран зургийн галерейд каллиграфич Оюунпүрэвийн Ням-Очир “Эгчим” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Тэрээр үзэсгэлэндээ контемпорари уран бичлэгийн 20 орчим бүтээл болон өрөг урлалуудыг дэлгэжээ.


О.Ням-Очир нь 2008 оноос хойш монгол уран бичлэгээр дагнан бүтээлээ туурвисаар ирсэн бөгөөд ХБНГУ-ын “НордАрт" Олон улсын үзэсгэлэн”, БНСУ-ын “Чонгжу Биенналь”, БНХАУ-ын “Бээжин Биенналь”, ОХУ, БНТУ, БНЯУ зэрэг улсад үзэсгэлэн, биеннальд оролцон Монголдоо төдийгүй олон улсад танигдсан залуу уран бүтээлч юм. Энэхүү үзэсгэлэн нь түүний 5 дахь бие даасан үзэсгэлэн юм.

Тус үзэсгэлэнг “Эгчим” гэж нэрлэсэн учир нь судрын шинэ хуудас эхлэхэд дардаг тамга тэмдгийг ийнхүү нэрлэдэг бөгөөд түүний уран бүтээлийн нэгэн шинэ үе эхэлж буйг илэрхийлэх ажээ. Тэрээр энэ удаа түгээмэл хэрэглэгдэх хар бэхэн өнгөнд баригдахыг хүссэнгүй. Зоримог шийдлээр эрэл хайгуул хийж, шунхан улаан өнгийг голчлон ашиглаж, уран бичлэгийн горим тэгийг огт алдагдуулалгүйгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжээ эрчимт хөдөлгөөн, хурц арга ажиллагаагаар дамжуулан илэрхийлжээ.

Ийнхүү зотон, бэх хоёрын нийлэмжит харьцаанд морьтон ардынхаа уртын дуу, яруу найраг, судар бичгийн мөртүүдийг тэрлэн уламжлалт өв соёл хийгээд орчин үеийн урлагийн хослолоор өөрийн дотоод ертөнцөө нээх “Эгчим” үзэсгэлэн таны мэлмий, оюун болоод сэтгэлийн чанадад хүрэхэд бэлэн болоод байна.

Үзэсгэлэн 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.


Эл үзэсгэлэнг нээж барималч, урлаг судлаач, урлаг судлалын ухааны доктор, профессор С.Бадрал үг хэлэхдээ:

“Ням-Очир маань их хөдөлмөрч, дайчин чанартай уран бүтээлч. Эрчтэй, хурдтай үзэсгэлэнгүүд гаргаж байгаагаар нь бахархаж байна. Уран бичлэгийг, уран зурагтай хослуулан өөрийн бодол, сэтгэл, мэдрэмжийг хэнээс ч эмээлгүй илэрхийлсэн сайхан уран бүтээлийн үзэсгэлэн болжээ” хэмээсэн юм.


СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн эрдэмтэн, дүрслэх урлаг судлаач, доктор Б.Баяртөр:

“Каллиграфи бол хар цагаан цаасан дээр түлхүү бийрээр бичигддэг. Харин О.Ням-Очирын бүтээлүүдээс харахад олон өнгөтэй, өвөрмөц, шинэлэг дүр төрх харагдаж байна. Өөрийгөө эрсэн, хайсан олон жилийн үр дүнд ийм сайхан бүтээлүүдийг дэлгэжээ” хэмээв.


Ээлжит бие даасан үзэсгэлэнгээ дэлгэсэн уран бүтээлч О.Ням-Очироос үзэсгэлэнгийнх нь талаар тодруулахад, "Юуны өмнө, бие даасан үзэсгэлэнд минь хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт багш, найз нөхөд, зочдодоо баярлалаа. Үзэсгэлэнгээ нээж уран бүтээлийнхээ бас нэгэн шинэ хуудсыг нээж байгаадаа сэтгэл их хөдөлж байна. Өмнө ихэвчлэн хар бэхээр зурдаг байсан. Энэ удаад бүтээлүүддээ түлхүү улаан өнгийг оруулсан. Мөн эрс тэс өнгийг хослуулан бүтээлээ туурвиснаараа онцлог" хэмээн ярилаа.



Үзэсгэлэнгийн содон бүтээлүүдээс хуваалцвал, “Тусгаар тогтнол”, “Судар” хэмээх хоёр бүтээлээ өрөг урлал чиглэлээр хийлээ. “Судар” хэмээх бүтээлээ урт цагаан хадган дээр бичсэн бол “Тусгаар тогтнол” шүлгийг бүрэн эхээр нь 15 квадрат дээр бичсэн.


Үзэсгэлэнгийнхээ санааг хэрхэн олсон хийгээд хэр хугацаанд үзэсгэлэнгээ бэлдсэн тухайд нь сонирхоход, "Сонирхолтой асуулт байна. Саяхан Швейцарын “Rietbreg” галлерейн урлаг судлаачтай уулзахад яагаад заавал бүтээлдээ “Алтан товч”, “Хөх судар”-ыг бичдэг юм бэ? гэж асууж байсан. Нэгдүгээрт, би монгол хүн, монгол бичиг үсгээрээ бахархахын тулд. Хоёрдугаарт, манай монголчуудын аман зохиол, яруу найраг, уртын дуу, зүйр цэцэн үг, түүхэн эх сурвалжуудаас  сэдэвлэж бүтээлүүдээ туурвидаг л даа. Жишээ нь, энэ үзэсгэлэнд “Хийморийн сан” “Цагаан шүхэрт”, “Майдарын ерөөл” гээд буддын шашнаас сэдэвчилсэн бүтээлүүд орсон" хэмээлээ.



 

 

 

Холбоотой мэдээ