Оросын цөмийн номлолд өөрчлөлт оруулахыг санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА, 2024 оны есдүгээр сарын 25 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн тогтоон барих бодлогын асуудлаар хийсэн Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр Оросын цөмийн зэвсгийг хэрэглэх нөхцөлд хэд хэдэн тодотгол оруулахыг санал болголоо.
Тэрбээр "Цөмийн тогтоон барих чиглэлээр төрөөс баримтлах бодлогын үндэс" баримт бичгийн шинэчилсэн хувилбарт цөмийн зэвсэггүй аливаа улсын зүгээс цөмийн зэвсэг эзэмшдэг улс орны оролцоо, дэмжлэгтэйгээр ОХУ-ын эсрэг хийсэн түрэмгийллийг ОХУ руу хийсэн хамтын халдлага гэж үзэхийг санал болгосон байна.
Үүнээс гадна, хэрэв дайсан ердийн зэвсэг хэрэглэн Орос, Беларусьт ноцтой аюул занал учруулж буй тохиолдолд Москва цөмийн зэвсгийг довтолгоонд ашиглах эрхийг өөртөө үлдээж байна гэж В.Путин нэмж хэлжээ. Энэ бүх асуудлыг Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой зөвшилцсөн гэдгийг тэрбээр онцолсон байна. Түүнчлэн цөмийн тогтоон барих бодлогыг баримталж буй улс орон, цэргийн эвслүүдийн ангиллыг өргөжүүлэх, мөн тогтоон барих арга хэмжээнүүдийг ашигладаг аюулуудын жагсаалтыг өргөжүүлэхийг санал болгожээ.
"Энэ зэвсэг асар хүчтэй гэдгийг бид маш сайн ухамсарладаг тул асуудалд маш хариуцлагатай хандаж, цөмийн зэвсэг, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг үл дэлгэрүүлэхийн тулд дэлхийн тогтвортой байдлын олон улсын эрх зүйн орчныг бэхжүүлэхийг үргэлж эрэлхийлсээр ирсэн" гэж Оросын төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.
Тэрбээр мөн дээр дурдсан баримт бичгийн шинэчилсэн хувилбарт Москва цөмийн зэвсэг хэрэглэхэд шилжих нөхцөлийг тодорхой тусгасан гэдгийг нэмж хэлэв. Тодруулбал, агаар-сансрын довтолгооны зэвсгийг /стратегийн эсвэл тактикийн нисэх онгоцууд, далавчит пуужингууд, нисгэгчгүй онгоцууд, дуунаас хурдан болон бусад нисгэгчгүй нисэх онгоцууд/ олноор нь хөөргөсөн, тэдгээр нь хилээр нэвтэрсэн тухай найдвартай мэдээллийг хүлээн авсны дараа цөмийн зэвсэг хэрэглэх боломжийг авч хэлэлцэх аж.
Цөмийн гурвал буюу стратегийн нисэх хүчин, тив хоорондын баллистик пуужингууд, пуужин тээгч цөмийн шумбагч онгоцууд нь ОХУ-ын болон тус улсын иргэдийн аюулгүй байдлын хамгийн чухал баталгаа хэвээр байна гэж В.Путин цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинжээчид нарийвчилсан дүн шинжилгээ хийж, цөмийн хүчийг ашиглахтай холбоотой асуудлыг илүү тодорхой болгох шаардлагатай гэдгийг онцолжээ.