ДАРХАН-УУЛ: Аймгийн ИТХ-д нэр дэвшигчдэд үнэмлэх олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ны өдөр болно. Өнөөдөр Дархан-Уул аймгийн ИТХ-д нэр дэвшигчдэд үнэмлэх олгох үйл ажиллагааг сонгуулийн хорооноос зохион байгуулав.
Сонгуулийн хорооноос заасан цагийн хуваарийн дагуу бүртгүүлсэн дарааллаараа үнэмлэхээ гардан авсан бөгөөд хамгийн эхэнд МАН-аас нэр дэвшигчид үнэмлэхээ авав.
Дархан-Уул аймгийн МАН-аас энэ удаагийн аймгийн ИТХ-ын сонгуульд нийт 41 нэр дэвшигч дэвшиж байна. Тэдний 22 хувь нь шинэ залуу хүмүүс байгаа бол 19 нь өмнө нь ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, 50 гаруй хувь нь 40-50 насныхан бол найман эмэгтэй нэр дэвшжээ.
МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд “Тогтвортой хөгжил, тогтвортой бодлого, шинэ сэргэлт” уриатай зургаан бүлэг 270 заалттай мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож байна.
Харин Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд "Дараагийн Дархан" уриатайгаар оролцож байна. 2024 оны аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд тус намаас 40 нэр дэвшигч дэвшсэнээс найм нь эмэгтэй байна.
Мөн 15.30 цагаас ХҮН-ын ес, Үнэн ба зөв намын хоёр, Иргэдийн оролцооны нэгдэл намын нэг, хоёр бие даан нэр дэвшигч үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх эрх нь нээлттэй болж байна.
2024 оны аймгийн ИТХ-ын сонгуульд таван нам, хоёр бие даан нэр дэвшигч өрсөлдөж байна.
Ташрамд
аймаг, нийслэл, сум,
дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 38.1-д
“Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал
авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас
өмнө зогсооно” гэж заажээ.