174 жилийн түүхт “Риголетто” дуурийг 37 дахь жилдээ Монголын театрын тайзнаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-30 14:59:37

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Суут хөгжмийн зохиолч Ж.Верди 1850 онд Венецийн “Ла Фенис” театраас тавьсан саналын дагуу гурван үзэгдэлт “Риголетто” дуурийг бүтээжээ.


Цомнолыг Виктор Хюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоос сэдэвлэн Ф.М.Пиаве бичсэн байдаг. Италийн умард нутгуудад Австрийн хориг, нөлөө өндөр байсан ч “Ла Фенис” театр 1851 онд нээлтийн тоглолтоо хийхэд тасалбар нь урьдчилан зарагдаж, өгүүлшгүй их амжилт, алдар нэрийг авчирчээ. Харин дараа жилээс нь Италийн бүхий л театр урын сандаа авч, 1852 оны сүүлээс эхлэн дэлхий дахинаа олон театр тавьж эхэлсэн байна.


Энэхүү алдартай гурван бүлэг, дөрвөн үзэгдлээс бүрдэх дуурийг Монголын үзэгчдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 1987 оны нэгдүгээр сарын 10-нд толилуулж, танилцуулсан байдаг. Анхны тоглолтын удирдаачаар Ардын жүжигчин Ж.Чулуун, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор, Ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж байв.


Тэгвэл УДБЭТ-ынхан тоглолтын 62 дахь улирлын нээлтийн дууриар “Риголетта”-г сонгожээ. Учир нь тус дуурийн ерөнхий зураачаар ажиллаж байсан Ардын зураач Ч.Гунгаасүхийн мэндэлсний 80 насны ой тохиож буй тул энэхүү бүтээлийг сонгосон байна. Ч.Гунгаасүх УДБЭТ-ын тайзнаа амилуулсан дэлхийн  болон Монголын олон арван дуурь, бүжгэн жүжгийн тайзны ерөнхий зураачаар ажиллаж байсан алтан үеийн аугаа уран бүтээлчийн нэг байсан юм.


Энэ сарын 12, 13-нд тоглох дуурийн удирдаачаар соёлын тэргүүний ажилтан Ц.Тэлмүүн-Очир ажилласан бол Риголеттод Э.Бумхүү, Э.Отгонбат, Герцогт М.Даваадорж, гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, Риголеттогийн охин Жильдад гавьяат жүжигчин Ө.Уянга болон Г.Энхнаран нар тоглохоор болжээ. 

Холбоотой мэдээ