Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-30 17:18:54

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Ламын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

 

1. “ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, вьетнамын талыг төлөөлж Хууль зүйн сайд Нгуен Хай Нинь нар гарын үсэг зурлаа. Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад урьдчилсан судалгаа хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллана. Мөн иргэний бүртгэл, хууль зүйн туслалцаа, эрх зүйн сурталчилгааны салбарт хамтарна.  


2. “ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т монголын талыг төлөөлж Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, вьетнамын талыг төлөөлж Тээврийн сайд Нгуен Ван Тан нар гарын үсэг зурлаа. Автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно. 


3. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т монголын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, вьетнамын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Нгуен Ван Хунг нар гарын үсэг зурлаа. Аялал жуулчлалын салбарын мэдлэг, туршлага, хэвлэмэл материал, мэдээ мэдээлэл, тоо баримт солилцох, аялал жуулчлалын хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих замаар аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 


4. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, вьетнамын талыг төлөөлж Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд Фам Те Дунг нар гарын үсэг зурлаа. Кибер аюулгүй байдлын тухай олон улсын эрх зүйн дүрэм, журам, стандартыг хөгжүүлэн сайжруулах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд, чухал мэдээллийн дэд бүтцийн хамгаалалт, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр мэдээлэл солилцож, харилцан туршлага солилцоно. 


5. “МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙСЛЭЛ ХАНОЙ ХОТ ХООРОНДЫН НАЙРСАГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т монголын талыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Луулайгийн Хосбаяр, вьетнамын талыг төлөөлж Ханой хотын Ардын хорооны орлогч дарга Нгуен Мань Куйен нар гарын үсэг зурлаа. Худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн, бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нөхцөл бүрдүүлнэ. 


6. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АКАДЕМИ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т монголын талыг төлөөлж Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дарга Адьяасүрэнгийн Баярбаатар, вьетнамын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн академийн Ерөнхийлөгч Чау Ван Минь нар гарын үсэг зурлаа. Хамтарсан хурал, семинар, зөвлөгөөн зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажилтан солилцох, шинжлэх ухааны мэдээлэл, өгөгдөл, судалгааны үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцох замаар  харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. 

 

7. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т монголын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Төмөрпүрэвийн Намнан, вьетнамын талыг төлөөлж Вьетнамын Үндэсний их сургуулийн захирал Ле Куан нар гарын үсэг зурлаа. Хамтарсан сургалт, хөтөлбөр зохион байгуулах, арга зүй, туршлага солилцох, шинжлэх ухаан болон технологийн салбарт хамтарсан судалгаа хийх, судлаач эрдэмтэн мэргэшүүлэх болон оюутан харилцан солилцоно.


 

Холбоотой мэдээ