ТӨВ: Эрдэнээр ном урлахуйн увидас буюу Дархан Дагва

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-03 11:10:45

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дэлхийд ганцхан урлал Сундуйн жүд буюу Нууцын хураангуй үндэс, Доржзодба буюу Очироор огтлогч судрыг урласан хүмүүн бол дархан Дагва юм.  


Дагва 1860-аад онд Төв аймгийн Манзушир хутагтын захирсан отгийн, одоогоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Авдархангай уулын хавьд төржээ.


Ш.Цэрэндоо Түүхийн тахилгатай даллага номын хэсгээс, Энгийн хүнээс хэтийдсэн ухаан, ур чадвар гаргасан юм. Алт, мөнгөөр Сундуйн жүд, Доржзодба гэдэг хоёр ном бүтээлгэх гэж Манзушир хутагт Цэрэндорж түүнд захиалга өгчээ. Хугацааг түргэвчлэхээр Их хүрээнээс хамгийн уран гэгдсэн нэг дархан залж дээ. Тэгээд ур уралдуулж ажил эхэлсэн. Хүрээ дархны цохисон үсэг ирмэгээрээ язарч цоороод, Дагва дархных болохоор жигтэйхэн гоё гараад байж.

Үүнийг үзсэн хутагт лам:

-За та буцна уу даа. Манай дархан ганцаараа дөнгөх юм байна гээд явуулсан гэдэг. Хүрээ дархан ёозгүй уурлаж Дагвад хараал хийлгэсэн юм гэнэ билээ. Атаа тэмцэл гэж тэр! гэж өвгөн Жамбал өгүүлэв.


Дамчаа: Тэр үе миний бага залуу цаг. 1910-аад онд судар хийхийг нүдээр үзсэн хүмүүсийн нэг л дээ би. Дөрвөн чихтэй их дөшин дээр мөнгө давтана. Дагва гуайд дархчуудын хажиг, зожиг авир байхгүй. Биднийг гэрт нь ороход залуу гэнэн гэж голохгүй, ингэж тэгж хийдэг юм гээд зааж, зураад өгдөг. Их дарх хийснийх биз дээ, лут том дөш цуурсан байж билээ. Эрхмийн дээд зүйл гэж дөшөө хадгаар ороож, ямаан тулмаар бүтээгээд нандигнана. Дөшнийх нь бөөрөнд өргөн нарийн, хажтай хажгүй гурив, хонхорхойтой сонин багаж байсан. Ивэрхий өвчинтэй учир өвөл, зунгүй нэхий банзал өмсөөд дарх хийхдээ түүгээр гэдсээ чанга гэгч нь тумлайдаж ороогоод, юм унаж суугаад ажилладаг. Заримдаа хамаг биеийнх нь хар хөлс цутгачихсан, духны хөлс халуун мөнгөнд ширхийж байдагсан. “Азнавал яана” гэхэд “Төмөр дөш, алх нийлүүлэхгүй бол бие сэтгэл амардаггүй” гэж хариулдаг байлаа. Тийм зүтгүү хөдөлмөрч хүн учир “Бухан Дагва” гэцгээдэг байв.


Гулуузан цагаан мөнгө, янз бүрийн тойго, ембүүнүүд олбог дээр нь хөглөрөн харагдана. Мөнгийг давтаж давтаж, өөг нь нитгэрч арилгаад цаас шиг жигд нимгэлэн шугамдана. Тэр шугамаа дагуулж үсгээ араас нь цохино.


Үсэг бүрийг өнөөгийн өндөр хэвлэл хорголжин барын адил нэг нэгээр нь хийгээд мөнгөн хуудасныхаа араас нь цохиход товойгоод уг ёсоор гарч ирнэ. Энэ мэтчилэн үгүүдийг бүтээгээд үсгээ алтаар шармалдана. Үсэг нь төвөдийн гийгүүлэгч гуч хийгээд дөрвөн эгшиг лүгээ байсан. Номын нэг хуудсыг бүтээхдээ өвөр, ар талыг тусад нь урлаад, эцэст нь нийлүүлж хавсарган суман модоор жаазалж үйлдэнэ. Зандан модонд жаазлахдаа завсарт нь хөвөн, нимгэн хадагт эм болон арван гурван зүйл үнэртэн үрж, хоёр хуудсаа нийлүүлж бэхэлнэ. “Дархан хүний бурхан ухаан гэж энэ” гэв.


Ловон лам Дажзэвэг: Манзушир ламтны хийдэд дотоод яамны төлөөлөгчийн үүрэг хүлээсэн партизан Өлзий гэгч цэргүүдээр уг номыг ачуулсан. Цэргүүд номыг түлээ мод мэт ачсан учир олон хуудас хэмхэрч үрчийж хатуу гарын амт үзсэн билээ. Түүгээр ч барахгүй Сундуйн жүд судрын эхний хуудасны зүүн гар талд өнцгийн цул алтан Богд ламын хөргийг ховхлон авсны ор дээр Төв аймгийн төвд байсан дархан өвгөн Доржбат буян бодож цул мөнгөөр уг бурхныг ёсоор цутгаж бүтээсэн юм. Ер нь эдгээр номыг 1460 лан алт, мөнгөөр үйлдсэн байдаг.  


Өвгөн Жамбал: Бурхан бүтээхдээ эхлээд шавраар хэвээ нямбай чамбай урладаг. Хэн юу хийлгэнэ тэр дор нь хэв загвараа бариад, хэд хэдэн загвар гаргачихсан сонгуулдаг. Манзушир хийдийн чогчин дуганд залсан алтан үсгийн Ганжуур 108 ботийн нэр хаягийг нь мөнгөөр хийж, шар торгонд бэхлээд судар бүрийн ил буланд зүүсэн. Мөн хийдийн өвгөн лаврингийн дээд давхарт цул мөнгөөр дархан Дагвын урласан Жамъянмарушин гэдэг том, жижиг таван бурхан эрдэнийн чимэглэлтэй гэв.

Дархан Дагва 1938 онд 80 гарч насны хэмжээ цэглэсэн байна.


Түүний бүтээсэн алдарт Доржзодба буюу буюу Очироор огтлогч судрын тухайд, Хоосон чанарын тухай өгүүлэх тус сударт хүн эхээс төрөхдөө алмас чулуу лугаа тунгалаг байдаг бол нийгмийн харилцаанд оролцож эхлээд харанхуй болдог. Иймд тус судрыг уншсанаар мунхаг харанхуйгаас гэгээрэх утгатай байдаг байна. Алтан үсэгтэй, мөнгөн Доржзодба судрыг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор Түүх соёлын хосгүй үнэт өвд бүртгэсэн байна.


Дархан Дагвын урласан Монгол Улсын хамгийн үнэтэй ном бол Сундуйн жүд буюу Нууцын хураангуй хэмээх судар юм. Нимгэн мөнгөн хуудастай номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү боть нь 10 боть бүхий төвөд-хятад-монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан суваргын зургийг цэвэр алтаар урлан, шүр, сувдаар чимэглэн хийсэн байна. Сундуйн жүд хэмээх энэхүү номыг бүтээхэд 52 кг алт, 400 кг мөнгө оржээ.

 

Эх сурвалж: Төв аймгийн музей, Ш.Цэрэндоо “Түүхийн тахилгатай даллага” 1994 он



Холбоотой мэдээ