П.Очирбат: “Мандалговийн алим” брэнд бий болгох хүсэл тэмүүллээр энэ жил 1100 алимын мод тарьсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Гэр бүлийнхээ хамтаар говийн хөрсөнд тарьсан алимаар Дундговь аймгийн хэрэглэгчдэд хэдийн танил болсон нэгэн эрхэм бол "Арвин их сан" ХХК-ийн захирал Пүрэвжавын Очирбат юм.
Тэрбээр гэр бүлийнхээ
хамт алимын аж ахуй эрхлэн “Мандалговийн алим” брэнд бий болгох зорилго өвөрлөн
бизнест хөл тавьсан юм. Түүний гэр бүл, эрхэлж буй бизнес, залуу хүний хүсэл
мөрөөдлийнх нь талаар тодрууллаа.
-Говийн хөрсөнд алим, жимс тарьж ургуулах боломж байгааг нутгийнхандаа мэдрүүлсэн хүмүүсийн
нэг нь та юм. Хэзээнээс алим тарьж эхэлсэн бэ?
-Анх 2019 онд алимын 10 суулгац хашаандаа суулгаад 3 жилийн дараа үр жимсээ өгсөн. Үнэхээр урамтай
ургаж, аймгийн хөрсөнд алим жимс тарьж болох юм байна гэсэн их итгэлийг
надад төрүүлсэн. Өнгөрсөн жил тоог нь нэмж, 50 гаруй алимны мод тарьсан. Сүүлд
тарьсан моднууд маань ирэх жилээс жимсээ өгнө.
Нэг модноос 20-35 кг алим гардаг. Тэгэхээр 2021 оноос хойш жилд 200 орчим кг алим авч, тодорхой хувийг нь хэрэглэгчдэдээ амсуулсан. Амт чанарын хувьд бол үнэхээр тансаг даа.
-Энэ жил алим тарих
сонирхлоо аж ахуй болгон өргөжүүллээ. Энэхүү ажлаа танилцуулбал?
-Алим тарьж ургуулах
сонирхлоо аж ахуй болгон өргөжүүлэх санаагаа энэ жил эхэлж, маш их хөдөлмөрлөлөө.
Хөдөлмөр чинь өөрөө ид шид юм байна. Нийт 2 га талбайг хашаажуулж, талбайдаа 1100
ширхэг алимын мод тарьсан.
Улсын Их Хурлаас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” төлөвлөгөөний дагуу ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр Дундговь аймагт жимс, жимсгэний төрөлжсөн талбай байгуулах, Улаанбаатар хотоос шилжин ирсэн өрхөд бизнес эрхлэх зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохоор болж, төслийн уралдаан зарласан. Энэ уралдаанд манай “Арвин их сан” ХХК “Мандалговийн алим-Арвин их сан” төсөл боловсруулан оролцож дэмжлэг авсан. Тэгээд төслөө амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Энэ жил бороо хуртай, сайхан зун болсон учраас ургалт маш сайн байна.
-1100 ширхэг модноос
хэдэн кг жимс авахаар төлөвлөж байна вэ?
-Нас бие гүйцсэн нэг
модноос 35 кг алим авах тооцоо бий. 3 жилийн дараагаас жимсээ өгч эхэлнэ.
Тэгэхээр ирээдүйд алимын талбайгаасаа 35 тн алим хураах боломжтой.
Энэ бол үнэхээр боломжийн
үр дүн. Аймгийнхаа зах зээлийг хангаад Улаанбаатар болон Өмнөговийн
хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой гэж бодож байгаа.
-Гэр бүлээ
танилцуулаач, төрийн албанд ажиллаж байгаад алимын аж ахуй эрхлэх шийдвэр
гарган бизнест хөл тавьсан гэхээр их сонирхолтой санагдаж байна?
-Миний хувьд төрийн
албанд 15 жил ажиллаж байгаад 2022 онд бизнес эрхлэх шийдвэрээ гаргасан.
Эхнэрийг маань Ганхуягийн
Жавзмаа гэдэг. Төрийн албанд 6 жил ажилласан. Бид хоёр хоёулаа аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн
хийж байсан юм. Эхнэр маань 2023 оноос бизнес эрхэлж эхэлсэн.
Бид хоёрын хувьд эхлээд алим тарих боломжтой гэдгийг мэдэрчихсэн учраас шийдвэр гаргах нь цаг хугацааны л асуудал байсан байх. Ажлаасаа гараад кофе шоп ажиллуулж байсан. Мөн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Мэдээж төрийн байгууллагад ажиллаж байгаад хувийн хэвшилд хүч сорино гэдэг маш их зориг гаргаж байгаа хэрэг. Тэр тусмаа гэр бүлийн хоёр хүн хоёулаа ингэж шийдэх нь нэг талаас эрсдэлтэй ч байж магадгүй.
Гэхдээ бид хоёрын
хувьд илүү том мөрөөдөл байсан учраас энэ шийдвэрийг гаргасан. Яагаад говьд
алимын аж ахуй эрхэлж болохгүй гэж. Бид хоёр “Мандалговийн алим” гэсэн брэнд
бий болгох их зорилго, их хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд өнөөдөр түүнийхээ бараг
л ихэнх хувийг амжуулаад явж байна. Одоо багахан хугацааны дараа нутгийнхаа
олон түмнийг Мандалговийн алимаар хангана.
Манай нутаг онцлогтой.
Байгаль цаг уурын хувьд нартай, дулаан өдрийн тоо нь олон, өдөрт нар тусах
хугацаа урт болоод ч тэр үү манай алимын амт час хийсэн, илүү витаминлаг
байдаг. Хүн бүр л алимыг маань авахыг хүсдэг ч одоохондоо бидний авч байгаа
ургацын хэмжээ бага. Тиймээс л ийм сайхан алимыг илүү олон хүнд амсуулахсан, хэрэгцээг
нь хангахсан гэсэн хүсэл бидэнд байдаг юм. Ургалтын хувьд ус л байвал говийн
хөрсөнд алим их сайхан ургадаг.
Цаашлаад манай алимыг зэргэлдээх аймгийн хэрэглэгчид ч хэрэглэх, бүр экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй. Энэ бол бид хоёрын мөрөөдөл юм. Талбайдаа үрэл жимсний мод, бэсрэг алимын 4 сорт, том алимын 4 сорт тарьсан.
-Говийн нөхцөлд алим
тарьж ургуулахад юуг анхаарах вэ?
-Эхний ээлжид алимын суулгацаа
зөв сонгох, болж өгвөл эх орны хөрсөнд дасан зохицсон, өвчлөлгүй, хөгжил сайтай
суулгацыг олж тарих хэрэгтэй.
Хоёрдугаарт, суулгацны
нүхийг нь томхон хэмжээтэй, болж өгвөл 1х1 м харьцаатай ухвал сайн.
Дараа нь хөрсөө сайн
боловсруулж бэлтгэх нь чухал байдаг. Бууц, элс, хар шороог тэнцүү хэмжээтэй
хольж хийх ба сийрэг байлгах, чийгшил хадгалах зорилгоор модны үртэс хийж
болно.
Манай иргэдийн хувьд суулгацаа
хэт гүнд суулгаж, ургах чадварыг нь багасгах тал анзаарагддаг. Залгуур хэсгийг нь
газрын түвшнээс жоохон дээш 2-3 хуруу хиртэй тарих хэрэгтэй. Модны тогоог 60-100
литр ус багтах хэмжээтэй томхон хийж өгвөл сайн.
Тэгээд усалгаандаа
сайн анхаарах нь чухал. Алимын мод ус чийг, гэрэл, наранд маш дуртай ургамал. Манай
говийн нөхцөлд хүчтэй салхи их тавьдаг учраас салхинаас хамгаалж, нөмөр, нөөлөг
хийх зайлшгүй шаардлагатай. Хашаандаа тарих гэж байгаа бол хашаа, байшингийн
нөмөрт таривал сайн ургадаг.
-Таны эрхэлж буй энэхүү
бизнесийн үйл ажиллагаа Монгол Улсын Засгийн газрын “Тэрбум мод”, “Хүнсний
хувьсгал” үндэсний хөдөлгөөн болон “Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөрийн зорилго,
зорилттой уялдаж байна. Энэ талаар та өөрийн бодлоо хуваалцана уу?
-“Хүнсний хувьсгал”
гэдэг маань өөрсдөө хүнсээ бэлтгэж, гэр бүлээрээ баталгаатай, эрүүл хүнс хэрэглэхийг
хэлж байгаа гэж ойлгож байгаа. Бид импортоор оруулж ирсэн алим, жимсийг
ихэнхдээ хэрэглэдэг. Хэн, хаана, ямар хөрсөнд хэрхэн тарьж ургуулаад, ямар зам
туулж бидний гар дээр ирж байгааг мэдэхгүй учраас үүнийг баталгаатай гэж
хэлэхэд хэцүү.
Харин нутгийнхаа хөрсөнд, өөрсдийнхөө итгэл сэтгэл, хөдөлмөрөө шингээн тарьж
ургуулсан хүнс гэдэг бол жинхэнэ эко хүнс. Тиймээс улс, аймгаас дэвшүүлж байгаа
зорилттой уялдаж байна.
Аймаг, орон нутаг
гэлтгүй айл өрх бүр хашаандаа алимын мод тарьж ургуулбал энэ бодлого жинхэнэ
утгаараа хэрэгжинэ гэж бодож байна. Тиймээс нутгийнхаа бүх иргэнд хашаандаа
алим, жимсээ тарьж ургуулан “Мандалговийн алим” гэсэн брэндтэй болохыг уриалж
байна.
-Ярилцсанд баярлалаа. Алимын аж ахуйгаа өргөжүүлэн, “Мандалговийн алим” брэндийг түмэн олны хэрэглээнд хүргэх хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй!