ДАРХАН-УУЛ: Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлтэй танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Уул уурхайн долоо хоног “Mining Week & MinePro-2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд аравдугаар сарын 2-5-ны өдрүүдэд болж байна.
Дөрвөн өдрийн турш үргэлжлэх чуулга уулзалтад “Эрдэнэс Монгол”
нэгдэл бүрэлдэхүүний 31 компани, 18000 гаруй ажилтан, албан хаагчдаа төлөөлөн
оролцож, үйл ажиллагаа, онцлох төсөл хөтөлбөрүүдээ гадаад, дотоодын хөрөнгө
оруулагчид, уул уурхайн салбарынхан болон бизнес эрхлэгчдэд танилцуулж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Уул уурхайн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар Эрдэнэс Монгол нэгдлийн үзэсгэлэнгийн танхимд ажиллах үеэрээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа.
Энэ үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйлдвэр, технологийн хэлтсийн дарга Г.Мөнгөнцоож, “Уул уурхай-металлургийн цогцолбор” төслийг хоёр үе шат бүхий гурван дэд төслөөс бүрдсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар танилцууллаа. Гангийн үйлдвэрийн хүчин чадал ашиглалтыг нэмэгдүүлэх нэгдүгээр үе шатанд “Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”-ийн төсөл, “Төмөртэйн уурхайн нойтон баяжуулах үйлдвэр, хорголжийн үйлдвэр”-ийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төслийн үе шатыг эхлүүлсэн.
“Эрдэнэс ҮТП” ХХК-иар шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж дууссан талаар танилцууллаа.
“Эрдэнэс Монгол” нэгдэл нь 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд туссан орд газар, үйлдвэрүүд, тэдгээрийн суурь дэд бүтцэд тулгуурлан зургаан байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар ажиллаж байна. Эдгээр зургаан үйлдвэрлэл технологийн паркийн нэг төсөл нь Дархан үйлдвэр технологийн парк юм.