ЕТГ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг аймаг бүрд байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-09 12:46:47

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүрсэн үр дүн, дараагийн шатны төлөвлөлтөөр мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр “2021-2024 он бол тус хөдөлгөөний бэлтгэл үе шат бөгөөд энэ хугацаанд 120 сая мод тарихаас шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьж ургуулаад байна” хэмээн мэдээллээ.


Улаанбаатар хот болон аймгууд 680 сая мод тарьж ургуулах амлалт авснаас Сэлэнгэ аймаг 17 сая орчим мод тарьснаараа тэргүүлж яваа аж. Уул уурхайн томоохон 22 аж ахуйн нэгж 9.2 сая мод тарьсны зэрэгцээ дүйцүүлэх хэлбэрээр 24 орчим сая, нийт 33 сая орчим мод тарьсан байна. Тарьж ургуулсан модныхоо тоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бусдыгаа манлайлж буй. Үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтыг дүйцүүлэн тооцох хэлбэрээр “Оюу Толгой”, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хамтран ажиллаж байна. Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр 2 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан. Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5.2 их наяд төгрөгийн зээл олгоно гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр ярилаа.


Түүнчлэн тэрбээр дараагийн шатны ажлыг эхлүүлж буйг энэ үеэр зарласны зэрэгцээ иргэдийн ажиллаж амьдрах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг аймаг бүрд байгуулах, “Нэг сургууль-Нэг төгөл” төсөл хэрэгжүүлэх, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймаг тав хүртэл, бусад аймаг 10 хүртэл жижиг гол, горхины эх, татмыг ойжуулна гэв. 


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш тарьж  ургуулсан мод болон тарьц суулгацын тоо өмнөхөөсөө 5-6 дахин, үрийн нөөц 4.5 дахин нэмэгдсэн аж. Энэ оны наймдугаар сарын байдлаар тусгай зөвшөөрөлтэй 650 орчим аж ахуйн нэгжийн 43 хувь нь мод үржүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.


Хортон шавжтай тэмцэх ажлыг 2022 онд 310 мянга, 2023 онд 185 мянга, 2024 онд эрс нэмэгдүүлж 341 мянган га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг хортон шавжид өртөж, ургах чадвараа алдахаас хамгаалсан гэдгийг Ойн газрын дарга Б.Оюунсанаа хэллээ.


Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн айлчлалын хүрээнд тодорхой яриа хэлэлцээ хийгдэж байгаагийн зэрэгцээ гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа гэв. Тэрбээр жишээ болгож, Европын Холбооны “Ойн түншлэл”-д Ази тивээс анх удаа нэгдэн орсон. ”Ойн түншлэл” нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг амлалт юм. Өнгөрсөн онд “Ойн түншлэл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний замын зургийг баталж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.


Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нар 2022 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цөлжилтийг сааруулахаар чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ дагуу цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах нарийвчилсан Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна гэлээ. Үүний зэрэгцээ ойн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль, МСҮТ-д суралцагчдыг тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэнийг дурдав.

Холбоотой мэдээ