Бразилд хэт жижигхэн толгойтой 2000 гаруй хүүхэд төржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-10-17 15:01:38

МЕХИКО. /Sputnik/. 2016 он гарснаас хойш Бразилд хэт жижигхэн толгойтой 2000 гаруй хүүхэд төрсөн тухай тус улсын ЭМЯ өнөөдөр мэдээллээ.

Тус яамны мэдэгдсэнээр, шумуулаар дамждаг “зика” вирусийн улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд гарсан тохиолдол Бразилын бүх мужид буюу 27 мужид бүртгэгджээ. Хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн хамгийн олон тохиолдол /389/ тус улсын зүүн хойд нутгийн Пернамбуко мужид бүртгэгдсэн байна.

Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл гарахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна.

Өдрийн цагаар идэвхтэй байдаг шумуулаар дамждаг энэ вирус 2015 оны хавраас Бразилд тархаж,  улмаар Латин Америк даяар тархсан юм. Европ болон АНУ-д “зика”-гийн халдвар авсан тохиолдлууд бүртгэгдсэн гэх мэдээлэл энэ оны эхээр хэвлэлүүдэд гарч эхэлсэн билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ