ӨВӨРХАНГАЙ: Т.Дашзэвэг: Дэлхийн олон оронд дархчууд байдаг ч монгол ур ухааныг гүйцэхгүй гэж боддог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, Арвайхээр сумын суугуул “Уран гарт” хэмээх Т.Дашзэвэг гуайтай ярилцлаа.
Тэрбээр өвөг эцэг, эмэг
эхээс өвлөгдсөн удмын уран дархан хүн юм. Түүний өвөг эцэг Б.Орги гэж мөнгө,
гуулиар нарийн нандин эдлэл урладаг, төмрөөр зуух яндан, цоож цуурга гээд гэр
ахуйн зүйл хийдэг нэртэй дархан хүн байсан бол эмээ Цэдэнгийн талд “Шар
Мацагийнхан” гэж цуутай уран хүмүүс байв.
Түүний аав П.Тамжид мөн адил дархан хүн байсан агаад хүүгээ 14 настайгаас нь дагуулж, алт, мөнгөний дарханд сургахдаа "Хүний эд юмыг хольж солихгүй үнэнч байх, эргэж буцаж ирэхгүй нэг насны баталгаатай юм хийж өгөх"-ийг захидаг байжээ.
Т.Дашзэвэг гуай 1975 онд Баянхонгор аймаг дахь Барилгын ТМС-ийг нарийн мужааны мэргэжлээр төгссөн, авто тээврийн 15 дугаар баазад жолооч, аймгийн Захиргаанд жижүүрээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. “Хүүхдүүд хотод амьдардаг. Хөгшин, бид хоёрыг ир гэдэг ч тэр бухимдал ихтэй газар юу хийхэв. Эндээ өөрийн сонирхлоор дуртай ажлаа оролдоод сууж байсан нь дээр” хэмээж байлаа.
-Та одоо ямар
бүтээлүүд дархалж байна вэ?
-Хүмүүсийн захиалгаар янз янзын л юм оролдож сууна даа. Үндэсний өв соёл, хуучны урлалыг харуулсан эд зүйлийг хэрэглэх их сонирхолтой болж. Монгол цоожийг иж бүрнээр нь их хийлгэж байна. Бас хүрдийг олон төрлөөр хийлгэж, дээр нь маанийн үсэг тавиулж байна. Монгол тулга, адууны тамга, ташуур, хэт хутга гээд янз бүрийн л юм хийлгэх гээд ирээд шалаад суучих юм. Заримдаа чулуугаар хөөрөг хийнэ, сур элдэнэ. Алт, мөнгөн урыг олон жил хийсэн. Одоо бол насны хувьд зохимжгүй гээд нэг их оролдохоо байсан.
-Жишээ нь, монгол
цоожийг та яаж хийж байна вэ? Төмрийн дархчуудын ур чадвар монгол цоожинд
гардаг гэдэг шүү дээ?
-Монгол цоож их нарийн эд ангитай байдаг. Бортого, өргөс, даруулга, цүү, түлхүүр, түлхүүрийн шүд гээд бүгд нийлж байж монгол цоожийг бүрдүүлнэ. Хүн эд хөрөнгөө цоожиндоо л итгэж найдаж үлдээдэг учраас өөр түлхүүр юмуу, гараар гаргачихааргүйгээр бат бөх хийх хэрэгтэй. Үүний тулд гагнуур, цутгуур их шаардана. Хийхэд нэлээн төвөгтэй. Баргийн хүн барьж аваад хийчихдэг ч эд биш л дээ.
-Дээр үеийн
дархчуудын урласан монгол цоожийг судалж байв уу?
-Судалж байсан. Манай багш Лүндээжанцан гэж хүн байсан юм. Багшийнхаа заавар, аавынхаа арга барилаар тав, зургаан жил монгол цоож дагнаж хийсэн. Цоожийг хийхэд ур хийцээс гадна бэлгэдэл бас байдаг. Хаан бугуйвчтай, хатан сүйхтэй, арслан чимэгтэй, бас мөнгөөр тоноглож хийдэг.
-Хүрд хийхэд бас
их учиртай байх?
-Их учиртай. Дотор нь зүгээр нэг цаас
хуйлаад хийчихэж болохгүй. Хүний сүсэг бишрэлийг голлож байгаа эд болохоор аль
болох дүрэм, номын дагуу хийхийг оролдоно. Гадна материалын хувьд зэсээр, гуулиар
хийдэг.
-Адууны тамга
гэхэд олон янз юм аа?
-Манай удам дамжиж ирсэн саран
тосгууртай, монгол үсгийн “Во” тамга. Энэ тамгыг одоо хэн ч хийхгүй. Музейд
тавьсан ч болохоор эд байгаа юм. Дээр үед гагнуур гэж мэдэхгүй байхад л төмрөө
хөрөөдөж, ийм олон салаа гаргаж хийж байсан байна.
Энэ миний өөрийн хийж хэрэглэж байсан саран тосгууртай даж тамга. Зарим улс хүн тамга гэдэг юм. Энэ дотроо идээ будаагаа, адууныхаа сахиусыг хийчихдэг /биечлэн үзүүлэв/. Манайх хоёр, гурван азарга адуутай, тэр бүрд өөр, өөр тамга хэрэглэдэг байсан.
-Орчин үед багаж
техникээр, бэлэн цутгамал хэвээр бүтээл урлах нь их болж. Таны хувьд ямар багаж
ашиглаж байна. Бас бэлдэцээ яаж олдог вэ?
-Багажаа ч, бэлдцээ ч гарын доорх
материалаар өөрөө бэлдэнэ. Сүүлийн үеийн цахилгаан багаж төхөөрөмж хэрэглэдэггүй.
Дээр үеэс уламжилж ирсэн хуурай, алх дөш гээд багажаа ашиглаад гараараа оролддог.
Гараар урлаж хийнэ гэдэг бат бөх чанартай, дахин давтагдашгүй эд болно. Хийж
байгаа юмныхаа хэв маягт тааруулж багажаа бэлдэхгүй л бол яг хүссэнээр бэлэн
байна гэж байхгүй. Багажаа өөрөө хийж чадахгүй бол дархан хүн гэж хэлдэггүй л
байсан.
-Таны бүтээлүүдийг
харахад мод, төмөр, чулуу, арьс шир гээд бүх төрлөөр л хийсэн харагдана. Уран
дархан гэхээр зөвхөн алт, мөнгөний дархнаар төсөөлөөд байдаг. Гэтэл тийм биш
юм аа?
-Төмөр, чулууны дархан, мужаан, сийлбэр гээд юм болгон нийлж байж л уран болох байх даа. Тэтгэврийнхээ хажуугаар талхныхаа таван төгрөгийг олчих санаатай юм юм л оролдож сууна. Энэ бүгд чинь хүний хэрэглээ учраас чанар, эдэлгээг нь илүү анхаардаг. Гэхдээ ур хийц хамаагүй гээд хэлбэр, галбиргүй зүйл хийж болохгүй л дээ.
-Энэ хазаар,
ногтыг хийхдээ давхар мөнгөлж байна уу?
-Тэгнэ.
-Та Сайн ноён хан
Т.Намнансүрэнгийн боржин хөшөөг Уянга суманд урлаж босгосон байх аа?
-Т.Намнансүрэнгийн хүй дарсан газар Уянга сумын Цагаан Увшхайн хойд талд байдаг юм. Тэнд 2 метр өндөр, монгол бичгээр бичсэн боржин хөшөөг босгосон. Одоо ч тэндээ байгаа. Мөн аав, ээжийнхээ хойчийн буянд зориулж, Ганданпунцоглин хийдийг барихад гар, бие оролцсон. Өвөрхангайгаас арван дархан оролцсоны нэг нь би юм. Өндөр Жанрайсэг бурхныг барихад ч мөн гар, бие оролцож байлаа.
-“Дархан хүн бурхан ухаантай” гэдэг шүү дээ. Энэ үгний утга учрыг та хэрхэн ойлгодог вэ?
-Аливаа юмны учир зүй, эвийг олж, сэтгэж чаддаг гэсэн үг болов уу. Түүнээс бурхны дайтай байна гэж юу байхав. Хэрэггүй нэг төмөр байхад тэрийг өөрийн санаснаараа өөрчилж, уран бүтээл болгоход дархан хүний ухаан, ур чадвар оршино. Залуудаа би хөнгөн цагаанаар эвтэй дөрвөн амьтан, лааны суурь зэргийг их цутгадаг байлаа.
-Танд шавь бий юу?
-Идэвх гаргаад юм хийчихье, сурчихья гэх хүүхэд байхгүй юм. Аль болох л бэлэнчлэх сэтгэлгээтэй, мөнгийг яаж хурдан олох вэ гэдэгт анхаардаг болсон юм уу даа. Удамд өвлөгдөж ирсэн юм болохоор яваандаа хүүхдүүд, ач зээ нараас сонирхох хүн гарах байх аа.
-Дэлхийн бусад улс
оронд ч дархчууд байдаг. Монгол дархны онцлог, давуу талыг та хэрхэн хардаг
вэ?
-Энэтхэг, Непал гээд олон оронд
дархчууд байдаг. Гэхдээ монгол ур ухааныг гүйцэхгүй гэж боддог. Жишээ нь,
монгол цоожийг тэд барьж аваад хийчихэж чадахгүй л болов уу. Мөнгөн хэт хутга
хийлээ гэхэд загвар, хийцээ өөрсдөө тодорхойлоод хийчихэж чадахгүй. Харин монголчууд дархан урлалаар эртний түүхтэй, гайхамшигт өв соёлтой ард түмэн.
Дахин давтагдашгүй, цор ганц бүтээлийг өөрсдөө сэтгэж бодож, урлаж ирсэн
байдаг.