“The Hu” хамтлагийн “Босоо заяат Монгол” тоглолт Грэммийн эхний шалгаруулалтад нэр дэвшлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотод ирэх оны хоёрдугаар сарын 2-нд болно.
Уг шагналд нэр дэвшигчдийг ирэх сарын 8-нд албан ёсоор зарлах юм. Грэммийн шагналд өрсөлдөхөөр нэрээ өгсөн уран бүтээлчдийг тодруулах эхний санал асуулга маргааш өндөрлөнө.
Тэгвэл хүннү рок урсгалаар дэлхийд танигдсан “The Hu” хамтлагийнхан 2023 онд Англид болдог Гластонберигийн хөгжмийн наадамд толилуулсан “Upright Destined Mongol” буюу “Босоо заяат Монгол” тоглолтоо “Дэлхийн шилдэг хөгжмийн үзүүлбэр” төрөлд нэр дэвшүүлэхээр хүсэлтээ өгчээ.
Тэдний өрсөлдөж буй “Шилдэг амьд хөгжмийн тоглолт” төрөлд 456 хамтлаг, дуучин уран бүтээлээрээ нэр дэвших хүсэлтээ өгчээ. Эхний шалгаруулалтыг давбал хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болно. Эцсийн шалгаруулалт арванхоёрдугаар сарын 12-ноос нэгдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлээд ялагчийг хоёрдугаар сарын 2-нд зарлах аж.