ДАРХАН-УУЛ: Бүтэн зүмбэрлэж хийсэн морин хуур музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-15 19:07:37

Дархан, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн музейн хүндэтгэлийн хэсэг дэх үзмэрүүдийн дунд байрлах зүмбэрлэж хийсэн морин хуурын эзэн нь одоогоор тодорхойгүй юм.  1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үзмэр худалдан авах комиссын хурлаар энэхүү үзмэрийг 60000 төгрөгөөр  худалдан авч байжээ.


Тус морин хуур нь 105 см өндөртэй, өргөн нь 26 см, жин нь 4 килограмм бүтэн зүмбэрлэж хийсэн.  Зүмбэр гэдэг нь хээ угалз, арван хоёр жил зэргийг тусгайд нь сийлж, нимгэн модон хавтан дээр наадаг нарийн урлал аж.


Ногоон морин толгойтой, морины дэлийг шараар будаж,  ишинд уулан хээ, луун хээг дүрслэн, шар, ногоон, цэнхэр өнгийн дугуй чимэглэл шигтгэж наасан,  царыг  хул шар өнгөөр будаж, бадамлянхуа цэцэг, эвэр угалзан хээ, царын нүүрэн талын захын хэсгийг булангийн хээг ногооноор дүрсэлжээ.


Мөн хоёр бөөрөнд цэцгэн хээ болон луун хээгээр зүмбэрлэсэн. Чавхдасыг морины дэлээр хийсэн бөгөөд  чавхдас нь цагаан өнгөтэй морин хуур юм.


Уг морин хуурыг 1985 онд хөгжмийн үйлдвэрт Залуучууд театрын захиалгаар урласан бөгөөд 1994 онд Дархан хотын иргэн Б.Доржсүрэнгээр нэмж шинээр зүмбэрлүүлжээ.


1997 оны 12 дугаар сарын нэгний өдрийн музейн захирлын 24 тоот тушаалыг үндэслэн авсан байна.  



Холбоотой мэдээ