Эрүүл мэндийн даатгалтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-16 18:03:02

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд өнөөдөр боллоо.


Улсын III төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, "Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр иргэдийн дундах өвчлөл нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ сүүлийн гурван жилийн хугацаанд зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо нь  өвчлөлийн тоог нэмэгдүүлж буй. Энэхүү зүй тогтол нь дэлхийн бүх л оронд байдаг үзэгдэл. Эрт илрүүлгийн дараагаар эрүүлжүүлэх эмчилгээг шат дараатай явуулснаар өвчлөлийн тоо буурна. Сүүлийн үед даатгалын гүйцэтгэлээр буюу хэчнээн хүнд үйлчилгээ үзүүлнэ, төдий тооны санхүүжилт орж ирэх болсон. Гэтэл ЭМД-ын сангийн төсөв тухайн жилдээ хүрэлцэхгүйд хүрч байна. Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд олон тооны шинэ эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлж, гадаад руу явж эмчлүүлэх иргэдийн тоог бууруулах болсон. Тэдгээр олон тооны эмчилгээг дотооддоо нутагшуулж байгаа энэ үед төсөв бүрэн дүүрэн хүрэлцэхгүй байгаа нь асуудлыг бий болгож байна. Иймээс хүн амын өвчлөлийн бүтэц, давтамж, тусламж үйлчилгээний статистик мэдээлэлтэй төсвийг уялдуулах шаардлагатай" гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Түүнчлэн тэрбээр иргэд дараагийн эмнэлэгт цаг авах үед битүүмж үүсэж байгаа нь тухайн эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй байдалтай холбоотой. Нөгөөтээгүүр программ шинэчлэлийн улмаас битүүмж үүсдэг гэсэн тайлбарыг хийв.


УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч У.Отгонбаяр, "УИХ-ын даргын захирамжаар байгуулсан уг ажлын хэсэг 2 дахь удаагаа хуралдаж байна. Тус хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хаана гажуудаж байна вэ, Эрүүл мэндийн сандаа асуудал байна уу, эсвэл шимтгэл төвлөрүүлэхэд доголдол үүсээд байна уу гэдэг “онош”-ийг тогтоохоор хуралдаж байгаа гэсэн үг. Эрүүл мэндийн салбар хэсэг бүлэг хүнд үйлчилдэг салбар биш. Монгол Улсын иргэн бүр тусламж үйлчилгээ авдаг салбар учраас энэ салбарт анхаарч ажиллах болно. Ялангуяа ирэх оны төсөв хэлэлцэж байгаа үед дуу хоолой болж ажиллана” гэлээ.


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр бүх эмийг жороор олгодог болсон гэх асуудалд тайлбар өгөв. Тэрбээр жороор олгох шаардлагатай эмд хуулийн заалт хамаатай болохыг хэлж байлаа. Тус хуралдаан өргөтгөсөн гэдэг утгаараа ажлын хэсгийн гишүүд, ЭМЯ-ны удирдлагууд, Улаанбаатар хот болон 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн дарга нар, эмнэлгийн захиар нар оролцож, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлаар санал бодлоо илэрхийлэв.


Холбоотой мэдээ