Спортын мастер Н.Батсүх Африкийн ноён оргил Килиманжарод амжилттай авирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-18 11:20:18

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дэлхийн долоон ноён оргилын нэг Африкийн Килиманжарод Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн эх бэлтгэгч, спортын мастер Н.Батсүх амжилттай авирлаа.


Тэрбээр энэ сарын 6-нд авиралтаа эхлүүлж, 9-нд оргилыг эзэлсэн байна. Энэ нь түүний авирсан олон улсын хоёр дахь оргил юм. Н.Батсүх өмнө нь дэлхийн долоон оргилын нэг Европын Эльбруст амжилттай авирсан байдаг.Түүний хувьд энэ удаагийн авиралтын бэлтгэлээ Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Богдхан уул хайрхан болон Баянхонгор аймгийн Их богд, Алтай таванбогдын Хүйтний оргилд базаасан байна. Н.Батсүхийн авиралтын багийг Б.Магнайтүвшин ахалсан бөгөөд нийт таван хүний бүрэлдэхүүнтэй Килиманжарод авирчээ.


Тэрбээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт эх бэлтгэгчээр 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд манай шилдэг ажилчдын нэг билээ. Уулын спортоор 30-аад жил хичээллэж буй түүний хувьд дотоодын бүхий л оргилд амжилттай авирсан юм.


Килиманжаро оргил 5895 метр өндөр бөгөөд тэгш тал, ой модоор хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнтэй. Нийт 650 хавтгай дөрвөлжин км талбай бүхий энэхүү цэцэрлэгт хүрээлэн зүүн Африкийн гоо үзэсгэлэнгийн илрэл болсон газар юм. Цэцэрлэгт хүрээлэн Моши хотын ойролцоо байрладаг бөгөөд Аруша хотоос онгоц, машинаар хялбархан хүрэх боломжтой. Килиманжаро орчмын зургаан ойн коридорыг 1987 онд ЮНЕСКО Дэлхийн өвд бүртгэсэн байдаг.


Танзани дахь унтаа галт уул Килиманжаро нь Мавензи, Кибо, Шира гэсэн гурван галт уулын тогоотой. Экваторын бүсэд байрладаг учраас өвөл, зун гэсэн улирал байхгүй. Харин чийглэг, хуурай үе гэж байдаг. Хуурай үед нь ууланд авирахад хамгийн тохиромжтой байдаг аж. Хуурай үе нь арванхоёроос гуравдугаар сар, зургаагаас есдүгээр сарыг хэлнэ. Тэр дундаа нэг, хоёр, гуравдугаар сард тэнгэр цэлмэг, үзэгдэх орчин сайн байдаг тул авирахад хамгийн тохиромжтой аж.



Холбоотой мэдээ