БАЯН-ӨЛГИЙ: А.Мекейн нэрэмжит математикийн олимпиадад тэргүүлсэн багийг 5 сая төгрөгөөр шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-18 12:06:14

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, математикийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Абишийн Мекей агсны нэрэмжит математикийн нээлттэй олимпиадыг Баян-Өлгий аймагт 2015 оноос тогтмол зохион байгуулж байгаа.


Арав дахь удаагийн олимпиадыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, А.Мекейн нэрэмжит Өлгий сумын ерөнхий боловсролын зургаадугаар сургууль, "Мекей сан", "Туран ворлд" компани зэрэг байгууллага хамтран энэ сарын 19, 20-ны өдөр Өлгий хотод явуулна. Удирдамжийн дагуу олимпиадад 6-12 дугаар ангийн сурагчид болон бага, дунд ангийн багш нар оролцоно.


Нээлттэй олимпиадад тэргүүлсэн багийг 5 сая, дэд байрт орсон багийг 4 сая, гуравдугаар байрт шалгарсан багийг 3 сая төгрөгөөр тус тус шагнана гэдгийг ерөнхий ивээн тэтгэгч "Туран ворлд" компанийн ерөнхий захирал А.Ерболат мэдэгдээд байна.


Академич Абишийн Мекей нь Монголын казахуудаас математикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны хүн билээ. Тэрээр 1972 онд Москвагийн Их сургуульд "Фейтийн нөхцөлтэй цагираг ба херстений олон гишүүнт" сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтний, 1994 онд "Төгслөг ассоциатив цагаригаар үүссэн цогцос ба түүний экстремал болон критик чанар" сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ.


Мөн математикийн 6 сурах бичиг, 20 гаруй гарын авлага, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн Монголын тэргүүн эгнээний эрдэмтдийн нэг байжээ.

Холбоотой мэдээ