Төв аймгийн газар тариалангийн түүхээс...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-20 16:16:20

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Төв аймгийн газар тариалангийн түүхэн замнал Жаргалантын сангийн аж ахуйгаас эхлэлтэй. 1927 оны 3 дугаар сард Хараагийн аж ахуйн харьяанд “Тариалангийн сан” нэртэй байгуулж, 1930 онд бие даасан аж ахуй болжээ.  


Тэр үед 150 шахам га газрыг морин анжисаар хагалж, будаагаа чулуун булаар цайруулж, ердийн хөсгөөр тээвэрлэн, морин тээрмээр гурил боловсруулж байв.


1959 онд атар газар эзэмших замаар үр тарианы үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх шийдвэр нь газар тариалангийн хөгжилд шинэ үеийг нээсэн. 1959-1961 онд үр тарианы 6 САА байгуулагдаж, 300 мянган га газрыг шинээр эзэмшин, улсад 6 мянган тонн үр тариа тушааж байжээ.


1969-1971 онд ЗХУ-ын тусламжтайгаар жилдээ 6.0-18.0 тонн багсармал тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэрийг Угтаал, Архуст, Эрдэнэ суманд байгуулсан.


1976-1977 онд Атар, Нөхөрлөл САА шинээр Борнуур, Батсүмбэрт төмс, ногооны томоохон аж ахуйнууд байгуулагдаж, 20 гаруй га талбай бүхий өвөл, зуны хүлэмж ажиллуулан хот суурингийн хүн амын хэрэгцээнд нийлүүлдэг болсон ба Улаанбаатарын хүн амыг өвлийн улиралд ногоогоор хангах зорилгоор төмс ногоо хадгалах зориулалттай автомат удирдлага бүхий 3000-5000 тоннын зоорь Жаргалант, Борнуур, Октябрь САА-д барьсан байна.


2019 оноос аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн “Үр”, “Уринш бордоо”, “Ургамал хамгаалал”, “Хүнсний ногоо”, “Техникийн шинэчлэл, боловсон хүчний хангалт”, “Малын тэжээл бэлтгэл, үйлдвэрлэл” зэрэг дэд хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн байна.


2021 оноос эхлэн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги” болон түүний хүрээнд хэрэгжих “24 төсөл”-ийг боловсруулан батлуулж, сумдад анхан шатны, дундын хоршоодыг байгуулав. 


Аймаг “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд мах, сүү бэлтгэлийн системийг сумдын хоршоодод суурилан эхлүүлж, 2021-2023 онд 88 хоршоонд тусгай сангуудаас 2.5 тэрбум төгрөгийн зээл олгосноор дээрх онуудад 187 анхан шатны хоршоо, 7 дундын хоршоо шинээр байгуулж, сүү бэлтгэлийн хоршоод 2021-2023 онд 5.3 сая литр сүү бэлтгэн нийлүүлж, 4.4 тэрбум төгрөг, мах бэлтгэлийн 18 хоршоо орон нутгийн болон үндэсний мах боловсруулах үйлдвэрүүдэд 2.4 мянган тонн мах бэлтгэн нийлүүлж 1.2 тэрбум төгрөгөөр орлогоо нэмэгдүүлээд байна.


 



 

Холбоотой мэдээ