ӨВӨРХАНГАЙ: Зорилтот жилийн хүрээнд 10 төрлийн цахим систем нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-25 16:18:26

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны ажлын баг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллалаа.


Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзийгөөр ахлуулсан тус албаныхан аймгийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.


Мөн байгууллагын дарга, мэдээлэл технологийн ажилтан зэрэг 89 төрийн албан хаагч, Политехникийн коллежийн 150 гаруй сурагчийг хамруулан "Цахимд зөв байя" сургалтыг зохион байгуулж, кибер аюулгүй байдлаа хэрхэн хангах, хамгаалах, цахим ул мөрөө зүй зохистой удирдах, хиймэл оюун ухаан зэрэг өргөн хүрээний 10 сэдвээр мэдлэг олголоо.


Өвөрхангай аймаг 2024 оныг "Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил" болгон зарлаж, 10 төрлийн цахим системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн албан хаагч, иргэдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг тасралтгүй явуулж байна.

Холбоотой мэдээ