Түүхэн хүмүүсийг алдаршуулах “Эртний сайхан” үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-01 15:49:56

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар-2024” цуврал  эхэлж, аяны хүрээнд “Эртний сайхан” нэртэй үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн “Artzone” галерейд нээлээ.


Үзэсгэлэнд  Монголын түүхэн хүмүүн болох Улсын их дагина Ц.Дондогдулам, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог, Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч С.Буяннэмэх, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат нарыг онцолж, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, ухааныг хойч үе, хүүхэд, залууст сургах, түгээхэд чиглэсэн олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.


Тухайлбал, Үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат агсны тив, дэлхий, олимпын дэвжээнээ амжилт байгуулсан ховор гэрэл зураг, өөрийнх нь өмсөж эдэлж байсан дээл, бөхийн зодог, шуудаг, малгай, монгол гутал болон төрийн одон медаль зэргээс гадна бусад түүхэн хүний эдлэл хэрэгсэл, эд өлгийн 50 орчим эд зүйлийг анх удаа дэлгэн харуулснаараа онцлогтой. Энэхүү түүхэн гавьяатнуудын үзэсгэлэн энэ 15 хүртэл үргэлжлэх юм.


Дашрамд дурдахад, улс, аймгийн музей, мэргэжлийн урлагийн байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төв, ордон нь үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн орон нутаг, байгууллагаас төрөн гарсан эрдэмтэн судлаач, алдар суут хүмүүсээ сурталчлан алдаршуулах бөгөөд 21 аймаг, нийслэл, дүүрэг, сумдын соёл урлаг, спортын 454 байгууллага, 2000 орчим үйл ажиллагаа зохион байгуулах юм байна. 

























Холбоотой мэдээ