Японд унадаг дугуйн хатуу дүрэм хэрэгжиж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-11-01 16:35:40

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /NHK/. Японд Замын хөдөлгөөний тухай шинэчилсэн хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлснээр унадаг дугуйн хөдөлгөөний зохицуулалт чангарч байна. 


Цагдаагийн ажилтнууд хатуу чанд дүрмийн талаар иргэдэд мэдээлэл өгч байгаа бөгөөд хууль зөрчигчдөд хариуцлага тооцно гэж мэдэгджээ.  


Ингэснээр анхаарал сарнисан үед дугуй унахыг хориглож байна. Тодруулбал, дугуй унаж явахдаа гар утас хэрэглэснээс үүдэн осол эсвэл аюултай нөхцөл байдал үүсгэсэн хүнд нэг жилийн хорих ял эсвэл 300 мянган иений /1980 орчим ам.доллар/ торгууль ногдуулахаар болжээ.


Түүнчлэн дугуй унаж байхдаа утсаар ярьсан эсвэл утсаа үзсэн дугуйчдад зургаан сар хүртэл хорих ял эсвэл 100 мянган иений /660 орчим ам.доллар/ торгууль ногдуулна. Энэ зөрчлийн хувьд аюултай нөхцөл байдал үүссэн эсэхээс үл хамааран шийтгэл хүлээлгэх ажээ.  


Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дугуй унасан тохиолдолд илүү хатуу шийтгэл хүлээлгэхээр болж байна. Унадаг дугуйчид өмнө нь жолоодох чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглээгүй тохиолдолд торгууль ногдуулдаггүй байсан юм. Тэгвэл шинэчлэгдсэн хуулийн дагуу шийтгэл ногдуулах босгыг амьсгал дахь спиртийн агууламж 0.15 миллиграмм байхаар тогтоожээ. Ийм зөрчил гаргасан хүмүүст 3 жил хүртэл хорих ял эсвэл 500 мянган иений /3300 орчим ам.доллар/ торгууль ногдуулна.


Мөн унадаг дугуйн дөрөө болон мотоцикл, мопедын хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийг дугуйчин дөрөөгөөр нь унаж байгаа эсэхийг үл харгалзан мотоциклийн ангилалд оруулахаар болжээ.


Үндэсний цагдаагийн газрын мэдээллээр, энэ оны 1-9 дүгээр сарын хугацаанд унадаг дугуйтай холбоотой гэмтэж бэртэж, нас барсан 49 мянга гаруй осол гарсан байна. Үүний 126 нь “анхаарал сарнисан үедээ дугуй унасан” тохиолдол байжээ.

 


Холбоотой мэдээ