Бан Ги Мүний нэрэмжит шагнал болон түүний нэрэмжит төв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-01 19:21:23

УЛААНБААТАР, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/.  НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хямралаас эхлээд цар тахал, хоол хүнс, эрчим хүч, усны нөөц зэрэг дэлхий дахинд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг даван туулж шийдвэрлэх үйл хэрэгт дэлхийн удирдагчдыг дайчлан оролцуулахыг эн тэргүүнд тавьж байлаа. Тэрбээр НҮБ-ыг улам хүчирхэгжүүлэн бэхжүүлэх, дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст дуу хоолойгоо өргөх боломжийг олгохыг эрмэлзэж байсан юм.


Тэрбээр НҮБ-ын тэргүүний албыг 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний хооронд хашсан билээ. Бан Ги Мүнийг 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ерөнхий Ассамблейн чуулганаар санал нэгтэйгээр албан тушаалд нь улираан томилж байв

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тэрбээр энэ байгууллагыг энх тайван, хөгжил дэвшил, хүний эрхийн салбарт бодитой, утга учиртай үр дүн авчрах талбар болгохыг зорьж байлаа. Бан Ги Мүн дайны үеийг туулж өнгөрүүлсэн талаараа нэгэн ярилцлагадаа дурсахдаа, тухайн үед НҮБ эх орныг минь сэргээн босгох үйлсэд туслан дэмжиж байгааг нүдээр үзсэн нь энэхүү өндөр албанд зүтгэх хүсэл эрмэлзэлд нь томоохон түлхэц болсон хэмээн ярьсан нь буй

 

“Foreign Policy” сэтгүүлийн “Дэлхийн 100 сэтгэгч”-ийн нэгээр нэрлэгдэж, “Forbes” сэтгүүлийн танилцуулдаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд”-ийн жагсаалтад бичигдэж байсан Бан Ги Мүний нэрэмжит шагнал болон түүний нэрэмжит төвийн тухай мэдээллийг хуваалцъя.

 

Эмэгтэйчүүдийн төлөөх Бан Ги Мүний нэрэмжит шагнал

“Asia Initiatives” байгууллагаас жил бүр эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст Эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэн хүчирхэгжүүлэхийн төлөөх Бан Ги Мүний нэрэмжит шагналыг гардуулдаг. 

 

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа Бан Ги Мүн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулахад хувь нэмэр оруулж, эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулах асуудлаарх өндөр түвшний анхдугаар ажлын хэсгийг байгуулснаас гадна НҮБ-ын доторх жендэрт суурилсан цалингийн зөрүүг бууруулж, удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог 40 гаруй хувиар нэмэгдүүлснийг нь үнэлэн энэхүү шагналыг түүний нэрэмжит болгожээ. 


“Asia Initiatives” нь шашин шүтлэг, угсаа гарвал болон нийгэм-эдийн засгийн чадамжаараа эмэгтэйчүүд ялгаварлагдах ёсгүй гэсэн үзэл санааны илэрхийлэл болсон хувь хүмүүсийг үнэлэн сайшаахыг эрмэлздэг ажээ. 

 

Их Британийн хаан III Чарльзын нэрэмжит шагналтан 

Их Британийн хаан III Чарльз уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд тууштай хувь нэмэр оруулсных нь төлөө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнд өөрийн санаачилсан “Charles III Harmony Award” шагналыг 2024 оны 6 дугаар сард хүртээжээ

 

Энэ жилээс санаачлан олгож буй энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны хүн нь ийнхүү Бан Ги Мүн болсон байна. Хаан Чарльзын нэрэмжит буяны сан Лондон хотын Гэгээн Жеймсийн ордонд зургаадугаар сарын 11-ний өдөр шагнал гардуулах ёслолыг зохион байгуулжээ. Ёслолын ажиллагааны үеэр хаан III Чарльз өөрийн биеэр НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мүнд шагналыг гардуулсан байна

 

Дэлхий нийтийн төлөөх Бан Ги Мүний нэрэмжит төв 

Дэлхий нийтийн төлөөх Бан Ги Мүний нэрэмжит төв нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, Австрийн Ерөнхийлөгч асан Хайнц Фишер нар хамтран 2018 оны нэгдүгээр сард хамтран үүсгэн байгуулсан олон улсын байгууллага юм.

Тус төв нь Австрийн нийслэл Вена хотод байрладаг. Өмнөд Солонгосын Сөүл, Казахстаны Алматы, АНУ-ын Нью-Йорк хотод оффисуудтай.

Бан Ги Мүний нэрэмжит төв нь эмэгтэйчүүд, залуучууд гээд чадавхжсан иргэдтэй дэлхий ертөнцийг цогцлоохыг эрмэлздэг. Мөн  нас, хүйс, гарал үүсэл, шашин шүтлэг, үндэс угсаа харгалзахгүйгээр хүний эрхийг бүх нийтээр хүндэтгэдэг, хамтын хариуцлага, энэрэнгүй нинжин сэтгэлээр ойлголцож, тогтвортой хөгжилд хүрэх зорилгыг дэвшүүлэн ажилладаг ажээ. 

 

 

Холбоотой мэдээ