Ойрх Дорнодод АНУ-ын нэмэлт хүчийг байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-02 09:51:57

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 2 /VOA/. Иран улсад анхааруулга болгох үүднээс Ойрх Дорнодод нэмэлт цэргийн хүч байрлуулж байгааг АНУ-ын эрх баригчид баасан гаргийн орой мэдэгджээ. 


Цэргүүд "ойрын саруудад бүс нутагт ирж эхэлнэ" гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Пэт Райдер хэллээ. 


“Ойрх Дорнод дахь АНУ-ын иргэд, цэргийн хүчийг хамгаалах, түүнчлэн Израилыг хамгаалах, тогтоон барих болон дипломат арга замаар хурцадмал байдлыг намжаах үүрэг амлалтынхаа дагуу Батлан хамгаалахын сайд эскадрын мина зөөгч хөлөг онгоц, пуужингийн довтолгооноос хамгаалах систем, B-52 алсын бөмбөгдөгч хэд хэдэн нисэх онгоцыг нэмж илгээх тушаал өглөө.  Нисэх онгоц тээгч "Авраам Линкольн" хөлөг онгоц бүрэлдэхүүнд нь багтсан цохилтын бүлэг бэлэн болсон үед эдгээр хүчийг бүс нутагт ойрын саруудад илгээнэ" гэж Пентагоны мэдэгдэлд дурдсан байна. 


П.Райдер хэлэхдээ, эл шийдвэр нь "АНУ-ын батлан хамгаалахын уян хатан байр суурийг, мөн үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй аюулыг эсэргүүцэхийн тулд дэлхий даяар богино хугацаанд хүчээ байрлуулах чадварыг" харуулж байна гэжээ. 


“Хэрэв Иран улс, түүний түншүүд эвсэл тус улстай холбоотой бүлэглэлүүд Америкийн иргэд эсвэл бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхлыг онилсон нөхцөл байдлыг ашиглах аваас хүмүүсээ хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг Пентагоны тэргүүн ойлгуулсаар байх болно” гэж мэдэгдэлд дурдсан байна. 


10 дугаар сарын 26-нд Израилын тал Ираны цэргийн объектуудад цохилт өгсөн боловч цөмийн болон газрын тосны хамгийн чухал байгууламжуудыг онилоогүй юм.


Энэ онд Иран улс Израилд хоёр удаа пуужингийн цохилт өгсөн бөгөөд эхнийх нь дөрөвдүгээр сард Дамаск хот дахь Ираны Консулын газарт цохилт өгсний хариуд, хоёр дахь нь Хезболла-гийн удирдагч Хасан Насралла, ХАМАС-ын удирдагч Исмаил Хания нар Израилын цохилтод өртөн амиа алдсаны хариуд хийж буй ажиллагаа гэж мэдэгдсэн. 


Бүс нутгийн өрсөлдөгчдийн хооронд үргэлжилж буй цэргийн ажиллагаа мөргөлдөөнийг улам хурцатгахад хүргэж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.

Холбоотой мэдээ