“Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг Минск хотноо толилуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгэр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайдын яам Чойжин ламын сүм музейтэй хамтран “Монгол Үндэстний Үнэлэмж” цогц ажлын хүрээнд давтагдашгүй өнгө төрх бүхий дүрслэх урлагийн олон аргаар бүтээгдсэн шилдэг үзмэрийн дээж “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг Минск хотын “Артхаус” галерейд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.
Нээлтэд Беларусь Улсын парламентын гишүүд, Засгийн газрын яамд, улсын хороод, шинжлэх ухааны академи болон боловсролын байгууллагуудын төлөөлөл, гадаад улс орнуудаас тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагын тэргүүн нар, түүнчлэн, Беларусь дахь Буддын шашны төв болон бусад нийгмийн байгууллагуудын 80 гаруй төлөөлөгчид уригдан оролцов.
Албан ёсны үйл ажиллагааг нээж Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Беларусь Улсын Бүгд Найрамдах Зөвлөл (парламентын дээд танхим)-ийн орлогч дарга, Монгол Улсын парламенттай харилцах найрамдлын бүлгийн дарга С.Н.Хоменко нар үг хэлэв.
Соёлын бүтээлч хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэн Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй XVII-XIX зууны үеийн урлахуйн ухааны сор болсон, монголын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг үзэсгэлэнгээр дэлгэн танилцуулав. Энэхүү үзэсгэлэн Беларусь Улс дахь монгол судлалын эхлэлийг тавих, түүний хүрээг тэлэх, Монгол өв соёлыг беларусийн олон түмэнд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтойг Элчин сайд Б.Баярсайхан тэмдэглэв.
Беларусь Улсын Бүгд Найрамдах Зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын парламенттай харилцах найрамдлын бүлгийн дарга С.Н.Хоменко Монголын ард түмний сор болсон бүтээлүүдийг Беларусь Улсад дэлгэн үзүүлж байгаад талархал илэрхийлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж буйг тэмдэглэж үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Тус үзэсгэлэнг дэлхийн 13 улсад 30 гаруй удаа аялан толилуулсан бөгөөд энэ удаа шилдэг 51 бүтээлийг зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлж, танилцуулга, судалгааны мэдээллийг QR кодын тусламжтай авах боломжоор ханган ажиллав.
Гэрэл зургийн үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Минск хотын иргэд, жуулчин, олон түмэнд нээлттэй байна.