БАЯНХОНГОР: 48 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 10 сарын байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 48.354 жуулчин ирээд байна. Түүнээс 47.815 нь дотоодын, 539 нь гадаадын жуулчин байв.
Энэ тоон судалгааг жуулчин үйлчилгээний салбарын байгууллагууд, холбогдох албадын мэдээлэлд үндэслэн Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн юм. Тус газрын мэдээлснээр, жуулчид голчлон тус аймгийн Шаргалжуут, Өргөөт зэрэг рашаан сувиллыг зорьсон бөгөөд орон нутгийн томоохон үйл ажиллагаанууд болон энэ онд 100 жилийн тэгш ой нь тохиосон сумдыг зорьсон жуулчдын тоо их байжээ.
Тодруулбал, Энэ онд Баянхонгор аймгийн долоон сум түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тус аймгийн Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Заг, Гурванбулаг, Баянбулаг сумын тэгш ой энэ онд тохиож, долоодугаар сарын 17-21-ний өдрүүдэд ойн баяраа хийсэн юм.
Жуулчид олноор зорьсон газруудын тухайд,
Шаргалжуут нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгаас 60 км зайд Хангайн нурууны өвөрт, далайн түвшнээс дээш 2150 м орчим өндөрт байрладаг. Нийт 4 га талбайг хамран урсах 300 гаруй булаг бүхий уг халуун рашааныг 17 дугаар зуунд Монголын ууган оточ Ламынгэгээний анхдугаар дүр нээн илрүүлж, 3 жилийн турш судлан анх эмчилгээ үйлчилгээнд ашиглаж эхэлсэн түүхтэй.
Харин Өргөөтийн рашаан нь Баянхонгор аймгаас 75 км, Галуут сумаас 35 км зайд Мандал бригадын нутагт Өргөөтийн голын зүүн эрэг дээр эргэн тойрон уулсаар хүрээлэгдэн оршино. Уг рашаан нь Хангайн гол их нурууны өврөөс ундран гарсан байдаг бөгөөд энэхүү хүйтэн рашаан нь хоолой, нүд, үе мөчний өвчинд сайн бөгөөд зуны дэлгэр цагт уг рашааныг ууж бас туулж хэрэглэдэг.
Рашааныг эмчилгээний журмаар хэрэглэх хүмүүс голцуу 3-5 хонодог бөгөөд эмчилгээний гам барихаар тэндээсээ Үүдийн давсанд ордог уламжлалтай. Ингэснээр эмчилгээг бүрэн хийсэн гэж үзэж болно. Энэхүү рашаанд гурван жил тасралтгүй орсноор өвчин бүрэн илааршна гэж үздэг байна.