Амралтын өдрөөр “Дон Кихот” үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-06 12:21:30

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид сонгодог урлагийг шимтэн сонирхдог үзэгчдэдээ зориулан энэ удаа Л.Минкусын “Дон Кихот” бүжгэн жүжгийг тайзнаа тавихад бэлэн болжээ.


Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглож байсан энэхүү бүжгэн жүжгийг 66 дахь удаагаа үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа нь энэ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт уг бүтээлийн балетмейстраар хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва анх ажилласан. Мөн тус балетыг 2002 оны арванхоёрдугаар сарын 14-нд сэргээн тавьсан юм. 


Энэ сарын 9, 10-нд тоглох эл бүжгэн жүжгийг М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн юм. Алдарт балет дэглээч М.Петипа Л.Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны арванхоёрдугаар сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийсэн түүхтэй.


“Дон кихот”-ын анхны гол дүрүүдийг бүтээж байсан, Ардын Ганбаа” хэмээх нэрээр урлагийн салбартаа алдаршсан, УДБЭТ-ын ахмад балетчин, Ардын жүжигчин О.Ганбаатарын мэндэлсний 80 насны ойд зориулан уг бүжгэн жүжгийг толилуулж буйгаараа онцлогтой. Энэ үеэр О.Ганбаатар багшийн тоглож байсан дүр, уран бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Ардын жүжигчин О.Ганбаатар 1971 онд Дон Кихот балетыг театрын тайзнаа тоглоход Базиль (үсчин залуу)-гийн дүрийг бүтээж байсан аж. 1962 оноос УДБЭТ-т балетын гоцлоочоор ажилласан тэрбээр 1969 онд гавьяат жүжигчин, 1976 онд ардын жүжигчин цол хүртсэн байна.

Холбоотой мэдээ