ХӨВСГӨЛ: Төл малыг эрчимтэй өсгөн бойжуулж ашиг шимийг нэмэгдүүлэхийг зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн дэмжлэгээр махны кластер төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Тосонцэнгэл,Түнэл сумын 6 багийн 1200 малчин өрхийн 50000 хонийг ялган тэмдэглэжээ.
Нутгийн монгол хонины үүлдэрлэг байдал, ашиг шим, бүтээмжийг дээшлүүлэх хонийг эрт бөөн төллүүлэн, төллөсөн эх малыг тэжээж жилбэшүүлэн, хургыг нэмэгдэл тэжээлээр тэжээж, арчилгаа маллагааг сайн хийж, эрчимтэй өсгөн бойжуулж махны ашиг шимийг нэмэгдүүлэн бэлчээрийн маллагаатай хургыг 11 дүгээр сард 35-40 кг амьдын жинд хүргэх зорилт тавин ажилласан байна.
Ялган тэмдэглэж, нэгдсэн санд оруулсан ээмэгний дугаараар баталгаажуулж үзэхэд хурганы дундаж үзүүлэлт нядлахын өмнөх сойлтын жин 32,4 кг, гулуузны жин 16,8 кг, нядлагын гарц 50 хувьтай гарч байгаа нь Мимо төлийн хүчит тэжээлээр тэжээсэн хурга бусад айлын хургатай харьцуулахад амьдын жин болон нядлагын гарц өндөр байгаа нь булчин махны хөгжил сайн явагдсантай холбоотой гэсэн дүгнэлт гарсан гэдгийг ХХААГ-ын Мал үржлийн албаны мэргэжилтэн Н.Батчимэг ярилаа.
Төслийн хүрээнд 4 сумын 120 өрхийн 4980 толгой өсвөр хурга, эрчим үүлдрийн 2600 толгой ямааг Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулсан байна.
Үүний үр дүнд малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг Малын
үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулж, QR код уншуулж малын
бүртгэлийг шалгах боломж бүрдсэн байна.