Бан Ги Мүн: Тогтвортой хөгжлийн зорилтууд нь дэлхийн дипломат албаны түүхэнд НҮБ-аас дэвшүүлсэн хамгийн амбицтай, цогц бодлого

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-08 18:12:55

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн "Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ" сэдвээр “Чингис хаан” музейд илтгэл тавьсан билээ. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.


Намайг халуун дотно танилцуулсанд Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр Танд талархал илэрхийлье.

Өглөөний мэнд. Зөв дуудсан гэж найдаж байна. Маш их баярлалаа, Та бүхэнд.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр,

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, 

Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо, 


Юуны түрүүнд, энд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд талархал илэрхийлье. Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувиар олон улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд хэрхэн хувь нэмэр оруулж чадах талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцах гэж байгаадаа маш их баяртай байна. 


Хатагтай, ноёд оо, 

Миний бие өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэндээ туйлын их баяртай байна.  


Бид бүгд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын төлөөх хамтын ололт амжилтаа ахиулах, уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон талт түншлэл хамтын ажиллагаагаар дэлхийн энх тайвныг цогцлоохыг эрмэлзэн буй онц чухал үед надад энэхүү шагналыг гардуулж байна.


Бид хүн төрөлхтний ирээдүйд, ялангуяа энэ танхимд хүрэлцэн ирсэн залуус та бүхэнд гүн гүнзгий нөлөөлөх их өөрчлөлтийн босгон дээр зогсож байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хэрэгжилтийг түншлэл, хамтын ажиллагаагаар эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй Монголын ард түмэнд хандан үг хэлэх завшаан тохиосонд туйлын баяртай байна. Онцгойлон Та бүхэнд хүндэтгэл илэрхийлье!


Өнөөгийн болон ирээдүйн удирдагчдыг чадавхжуулж, бүх нийтийн энх тайван, тогтвортой ирээдүйг хангахын төлөө урьд урьдынхаас илүү хамтран ажиллах, эвлэлдэн нэгдэж олон талт шийдлийг эрэлхийлэх шаардлага бидэнд тулгарч байна.


Хатагтай, Ноёд оо, 
Бид хоорондоо уялдаа холбоо бүхий шинэ хямрал, урьд хожид байгаагүй тодорхойгүй байдлын эрин үед амьдарч байна. Их гүрнүүдийн өрсөлдөөн, тэр дундаа АНУ, БНХАУ-ын хоорондох өрсөлдөөн ширүүсэж байна. Украин болон Ойрх Дорнодод зэрэгцэн өрнөж буй дайн нь хүмүүнлэгийн гүн хямрал дагуулж, сүүлийн хэдэн арван жил дэлхий дахинд нүүрлээгүй хамгийн аюултай цаг үе тулж ирээд байна. 

Ковид-19 цар тахал нь 2020 оны эхэн үеэс эхлэн нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн тогтолцоо, амьдралын хэв маягт ихээхэн нөлөөлсөн, одоо ч нөлөөлсөөр байгаа боловч тулгамдсан том асуудал биш болжээ. Та бүхэн ч Ковид-19-ийн хор хохирлыг амссан. Түүнчлэн агаарын хэм эрс нэмэгдэж, ой хээрийн түймэр дэгдэж, үерийн аюул байн байн нүүрлэн уур амьсгалын доройтол улам гүнзгийрч байгаа нь бидний цор ганц орон гэр болсон дэлхий ертөнцийг маань гүн хямралд хүргэж байна. Дэлхийн түүхэнд 2023 он хамгийн халуун жилээр тэмдэглэгдсэн бол 2024 он илүү халуун жил болж байна.

Зөрчил мөргөлдөөн, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтэд тулгарч буй хямрал бэрхшээлүүд бидний харилцан хамаарлыг улам бүр тодотгож байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлүүдээс хэн ч ангид байж чадахгүй. Тиймд дэлхийн хэмжээний нэгдмэл шийдэл шаардлагатай байна. Энэ шийдэл нь улс орнуудын түншлэлд тулгуурлаж, бүх нийтийн эрүүл мэнд, аюулгүй, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг эрчимжүүлэхэд төвлөрөх ёстой юм. Хот суурин хөдөө тосгод, хөгжилтэй болон буурай орнууд, дайн дажинтай эсэхээс үл хамааран хүн төрөлхтөн хоорондоо нягт холбоо бүхий ээдрээтэй сорилттой удаа дараа тулгарч байна.

Зөрчил мөргөлдөөн даамжирч, нийгмийн эрүүл мэндэд аюул учирч, дэлхий даяар хямрал нүүрлэж байгаа ч бид олон чухал салбарт ахиц дэвшил гаргасаар байна. Хойч үедээ илүү сайхан ирээдүйг өвлүүлэхийн төлөө өөрчлөн сайжруулах асар их боломж нээлттэй байгаа гэдэгт би итгэж байна. 

Нэн тэргүүнд, бүгд эв эеэ хичээж, шаргуу урагшлах шаардлагатай байна. Хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг хүндэтгэж нэгдмэл зорилгоор ажиллах ёстой юм. 

Хоёрдугаарт, "Дайны эрсдэлээс хойч үеэ аврах" тухай НҮБ-ын Дүрэмд тусгасан амлалтад хүрэхийн тулд хүчин чармайлтыг хоёр, бүр цаашлаад гурав дахин нэмэгдүүлэх ёстой.

Гуравдугаарт, зэвсэгт мөргөлдөөний үеэр энгийн иргэд болон дүрвэгсдийг хамгаалах чадавхыг хүчитгэх хэрэгтэй байна. Учир нь, дэлхий дахинд олон сая хүн орон гэрээ орхин дүрвэхэд Украины дайн, Ойрх Дорнодын хямралт байдал нөлөөлж байна. Иймд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлаас ангижирах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх механизмыг бий болгоход онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй байна. 

Дөрөвдүгээрт, хүний эрхийг хамгаалах, эвлэрлийг сахих чиглэлд үүрэг амлалтаа дахин нотлох хэрэгтэй юм. Мөн хүнд гэмт хэрэг, харгислалыг ял шийтгэл, гэм зэмгүй өнгөрөөх асуудалтай тэмцэхийн тулд олон улсад шударга ёс, хариуцлагыг бэхжүүлэх шаардлагатай байна. Дэлхий дахинд тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж буй энэ үед дэлхийн засаглалыг уялдуулах ёстой. Үүний тулд, оновчтой бодлого, хамтын ажиллагаа, түншлэлийн хүчээр даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангаж, дэлхийн иргэн байх ухамсрыг бэхжүүлэх хэрэгтэй юм.

Дэлхийн түншлэл, дэлхийн иргэн байх ухамсар нэн чухал болохыг би олонтаа  хөндөж ирсэн. Монголчууд өөрийн бахархах их өв соёлтой ард түмэн. Гэхдээ би солонгосчууддаа ч дэлхийн хүн болох хэрэгтэйг сануулдаг. Түүн лугаа адил монголчууд ч дэлхийн иргэн гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Энэ дэлхийн бүх хүн нэгэн гэр бүлийн гишүүд шүү дээ. Ирээдүйд улс орноо удирдан чиглүүлж, тогтвортой дэлхий ертөнцийг цогцлоох үйл хэрэгт манлайлах залуу үеийнхэнд би энэ л зүйлийг хэлж захисаар ирсэн. Түүнчлэн миний бие түншлэлийн ач холбогдлыг ч онцолдог. Хэчнээн баян чинээлэг, хүчирхэг байсан ч ганц орон тогтвортой ертөнцийг цогцлоож чадахгүй юм. 

Энэ дэлхийн хамгийн хүчирхэг улс аль улс вэ? Магадгүй АНУ юу? Тэгээд Хятад, Орос, Их Британи, Франц гэхчлэн хөгжингүй орнуудыг нэрлэх байх л даа. Гэхдээ л тэд тогтвортой ертөнцийг дангаараа цогцлоож чадахгүй. Өнөөдөр миний бие та бүхний өмнө ийнхүү зогсож буй маань ч тогтвортой ертөнцийг цогцлооход хамтран ажиллахын чухлыг уриалах гэснийх юм. Монгол Улс бол дээр дурдсанчлан бахархам түүх, өв соёлтой орон хэдий ч дангаараа мөн л энэ зорилгыг хэрэгжүүлж чадахгүй. Та бүхнийг хөрш зэргэлдээх болон дэлхийн бусад оронтой нягт хамтран ажиллахыг уриалж байна. 

Ингээд би дөрвөн зүйлийг онцолж дурдъя.
Нэгдүгээрт, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн ач холбогдлоос эхэлье. Тогтвортой хөгжлийн зорилтууд бол өнөөг хүртэлх дэлхийн дипломат албаны түүхэнд НҮБ-аас дэвшүүлсэн хамгийн амбицтай, цогц бодлого гэж би дүгнэдэг. 

НҮБ 193 гишүүн оронтой. НҮБ-ыг үүсгэн байгуулснаас хойш дэлхийн улс орнуудын удирдагчид ердөө хоёрхон удаа л нэгдэж чадсан юм. Өөрөөр хэлбэл, 2015 оны есдүгээр сарын 25-нд дэлхийн удирдагчид НҮБ-ын төв байранд цугларч, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тунхагласан билээ. Тэдгээр удирдагчийн дунд Монголын төрийн тэргүүн ч байсан. Хоёр дахь нь гэвэл, мөн 2015 оны 12 дугаар сарын 12-нд дэлхийн улс орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд нараас бүрдсэн 160 орчим төлөөлөгч, НҮБ-ын гишүүн бус орнуудыг оролцуулбал 200 гаруй улсын төлөөлөл Парист хуран чуулж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай “Парисын хэлэлцээр”-ийг баталсан юм. Энэ хоёр баримт бичиг нь дэлхий нийтэд нэн чухал ач холбогдолтой түүхэн хэлэлцээр учраас бид тэдгээрийг заавал хэрэгжүүлэх ёстой. 

Хоёрдугаарт, хэрхэвч хойшлуулж боломгүй бас нэгэн чухал асуудал нь уур амьсгалын доройтол юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бидний төсөөлж байгаагаас ч хурдацтай явж байгаа тул түүнтэй тэмцэхэд цаг алдаж хэрхэвч болохгүй.  

Гуравдугаарт, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлага ихсэж байна. Дэлхийн хүн амын тэн хагасаас илүү хувийг бүрдүүлж буй охид, эмэгтэйчүүдийн чадвар, нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахгүй байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, шийдвэр гаргах түвшинд охид эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь нэн чухал юм. Эрэгтэй, эмэгтэйчүүд ялгаагүй хүмүүн заяанд төрсөн учраас охид, эмэгтэйчүүдийн эрхийг ч хүндэтгэх ёстой.

Дөрөвдүгээрт, Монгол Улс, БНСУ-ын ирээдүйн хамтын ажиллагааны гол салбар бол үндсэндээ дээр дурдсан чиглэлүүд юм. Хөрш орнуудын хувьд ч бид хамтран ажиллах ёстой. Олон монгол иргэн Солонгосын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад би баяртай байна. Үүний нэгэн адил Солонгосын олон иргэн Монголд ирж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. 

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо, 
Бэрхшээл саад байгаа хэдий ч НҮБ нь үйл хэргээ үргэлжлүүлж, алсын хараандаа тусгасан гол зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө ажилласаар байна. Дэлхий нийтээр 2000 оныг догдлон угтаж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Маш их зүйлийг бид бүгд найдан хүлээж байсан шүү дээ. Энэ л шалтгаанаар миний өмнө ажиллаж байсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан дэлхийн удирдагчид, эрдэмтэд, эдийн засагчид, судлаачидтай хамтран ажиллаж, Мянганы хөгжлийн найман зорилтыг танилцуулсан билээ. Гэхдээ тэдгээрийн алсын хараа хязгаарлагдмал буюу хөгжиж буй орнуудад туслахад голлон анхаарч байсан юм. Би ч мөн ийм тусламж хэрэгтэй гэж бодож байв. Гэхдээ хөгжиж буй орнуудад хөгжингүй орнуудыг гүйцэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. 

Эргээд харахад, тэдгээр нь сулавтар санаачилгууд байсан учраас Мянганы хөгжлийн зорилтууд 2015 он гэхэд зорьсондоо хүрч чадахгүй нь ойлгомжтой байсан юм. Ингээд би 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Мянганы хөгжлийн зорилтуудад хүрч чадахгүй тухай тайлагнасан. НҮБ-ын Байнгын төлөөлөгч Ким Сук одоо энэ танхимд сууж байна. Тэрбээр хөгжингүй орон болон хөгжиж буй орныг төлөөлсөн хоёр албан тушаалтны нэгний хувьд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ким Сук бол хөгжингүй орнуудыг төлөөлж байв. Миний дээр дурдсан чуулган болон ажлын хэсгийн хурлаар 2015 оны есдүгээр сарын 25-ны өдөр бахархалтайгаар тунхагласан Тогтвортой хөгжлийн зорилтуудын бүх үндэс суурийг тавьж чадсан юм. Түүнээс хойш олон чухал үйл ажиллагаа, дипломат санал санаачилга өрнөсөн боловч зорьсондоо хүрч чадаагүй л байна. 

Зарим статистик мэдээллээс дурдвал, 1990 оноос хойш 2.1 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжаар, 2.6 тэрбум хүн шаардлага хангасан ундны усаар хангагдаад байна. Энэ бол НҮБ-ын зүй ёсооор бахархах үйл юм. Гэхдээ цаашид хийж гүйцэтгэх ажил их байна. Африк тивийн олон оронд би очсон. Тэнд очих бүрдээ зүрх шимшрэм нөхцөл байдлыг хардаг. Яагаад гэвэл, тэнд маш олон залуус, охид бүсгүйчүүд тэгш боломжийг хүртэж чадахгүй байна. Ядууралд нэрвэгдсэн олон хүн ундны усаар гачигдаж байна. Охид, эмэгтэйчүүд голоос хувин ус авахын тулд 3-5 км зам туулах нь ч энүүхэнд. Энэ бол бодит байдал юм. Иймээс бид 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг заавал хэрэгжүүлэх ёстой. Төлөвлөгөө, зорилт маань биелэхгүй байж магадгүй ч бид өнөөгийн бодит байдлын өмнө бууж өгч болохгүй юм. 

Жилд зургаан сая гаруй хүүхэд таван нас хүрэхээсээ өмнө эндэж байна. Энэ бол маш харамсалтай мэдээ. 2023 оны байдлаар, хоёр тэрбум орчим хүн цэвэр усны хангамжгүй нөхцөлд амьдарч байна. Та бүхэн ундны цэвэр устай байгаадаа талархах хэрэгтэй. Африк тивийн болон зарим оронд маш хүнд нөхцөлд амьдарч буй хүмүүс байсаар байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ган гачиг нүүрлэж, усны хомсдол ихэсвэл байдал улам хүндэрнэ. 

Эргээд харахад, дэлхийн улс орнуудын удирдагчид, улс төр, бизнес, иргэний нийгмийн манлайлагчдыг хоёр ч удаа нэгэн дээвэр дор цуглуулж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад санал нэгтэйгээр хүрэх үйл хэргийг эхлүүлж чадсанаараа би бахархдаг. 

Нью-Йорк хотноо 2015 онд 193 орны төлөөлөгчийн зөвшилцлөөр баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд нь манай гаргийнхны хүсэж буй ирээдүйгээ баталгаажуулах хамтын төлөвлөгөө юм. Бид ямар ирээдүйг хүсэж байна вэ?, Та хойч үедээ ямар ирээдүйг өвлүүлэхийг зорьж байна вэ? гэсэн асуултуудыг манай хамт олонд ирүүлж байв. Сая сая хариултыг ч дэлхийн өнцөг булан бүрээс бид хүлээн авч байсан юм. Тэдгээрийг ангилахад маш хэцүү байсан л даа. Харин үүнийг НҮБ Ким Сукийн удирдлага дор хийж чадсан юм. 

Тогтвортой хөгжлийн зорилтууд нь олон улсын засаглалын хувьд ч чухал өөрчлөлтийг эхлүүлсэн. Зорилтуудыг томьёолох нь өөрөө бодлогын чухал стратеги төдийгүй Мянганы хөгжлийн зорилтуудаас ялгарах гол өөрчлөлт байсан гэж би үздэг. Миний бие НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар энэхүү үйл явцыг урагшлуулахад гар бие оролцож, "Хүмүүс бид" гэсэн НҮБ-ын Дүрмийн эхний үгс, үзэл санаанд тулгуурлан удирдсан юм. Хүмүүс бол энэ дэлхийн хамгийн чухал эд эс нь билээ. 

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталснаас хойш есөн жилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гараад байна. Гэхдээ шинжлэх ухааны судалгаагаар 100-гаас 16 хувийн биелэлттэй явж байна. Уг нь би өдгөө хамгийн багадаа 70 хувьд хүрсэн байна гэж тооцож байсан. НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн есдүгээр сард тусгай дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Энэ уулзалтад 160 гаруй орны төр, засгийн тэргүүн ирж, маш чухал шийдвэрийг гаргасан нь Ирээдүйн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын гэрээ байсан юм. 

Гэвч энэ нь төгс биш тул 2025 оноос эхлэн НҮБ ирэх таван жилд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд дэлхийн удирдагч нар юуг хийж чадах, мөн юу хийх ёстойг баталгаажуулахын тулд дахин дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. 

Одоогоор, ний нуугүй хэлэхэд миний бие Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гарч буй ахиц дэвшилд өөдрөг дүгнэлт өгч чадахгүй байна. Та бүхэнд бодит байдлыг хэлэх ёстой.

Үргэлж сайн мэдээ дуулгаж чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Бид шаргуу ажиллах хэрэгтэй байна.
 
2024 оны тайланд, Тогтвортой хөгжлийн зорилтуудын 2 (Өлсгөлөнг зогсоох), 11 (Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих), 14 (Далай тэнгисийн нөөцийг хамгаалах), 15 (Хуурай газрын экосистемийг хамгаалах), 16 (Энх тайван, шударга ёсыг цогцлоох) дахь зорилтуудын хэрэгжилт ихээхэн хоцорч байгааг онцгой анхааруулсан байна. 

Тиймд бид түншлэл, нягт хамтын ажиллагааны хүчээр дахин эвлэлдэн нэгдэж, урагшлах хэрэгтэй. Ингэснээрээ Монгол Улс, БНСУ, дэлхий нийтээрээ хэнийг ч орхигдуулахгүй байж чадна. Энэ бол НҮБ-ын маш чухал зорилго юм. Хөгжиж буй улс болон хөгжингүй улсад амьдарч байгаагаас үл хамааран бүгдэд ижил тэгш боломж олгох хэрэгтэй. Тиймээс Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилтыг маш чухал гэж үзэж байна.  

Дэлхий нийтийн түншлэл нэн чухал учраас Монгол Улс байгалийн арвин баялаг нөөцтэй байсан ч Тогтвортой  хөгжлийн 17 дахь зорилт болох Хөгжлийн төлөөх түншлэлийг дангаараа бэхжүүлж чадахгүй юм. Та бүхэн хөрш орнууд болон бусад хөгжингүй оронтой зайлшгүй хамтран ажиллах хэрэгтэй. Түншлэлийн харилцааг бий болгох олон арга зам байж болно. 

Монгол Улсад бизнес эрхэлдэг олон компани, групп бий. Тэд салбар бүрээрээ өөр хоорондоо нягт хамтран ажиллах өргөн боломжтой. Бизнесийн салбарын манлайлагчид ийм хамтын ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэж чадах тул миний бие дэлхий нийтийн түншлэлийн ач холбогдлыг үргэлж дэмждэг юм.

Тогтвортой хөгжлийн зорилтууд нь цар тахал, зөрчил мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтийн дараах дэлхий ертөнцийг илүү тогтвортой, илүү “ногоон” болж сэргээн босгоход зориулсан өвөрмөц төлөвлөгөө юм. Гэхдээ энэ цаг үед юу нэн чухал вэ? Би хувьдаа улс төрийн манлайлал гэж хариулна. Улс төрийн манлайлал бол үнэхээр чухал. НҮБ-ын 193 гишүүн орны удирдагч нар маш олон төлөвлөгөөг хийж гүйцэтгэхээсээ илүүтэй ярьж тайлбарладаг тул ард түмэн, сонгогчдынхоо хүндлэлийг алддаг. Тэд удирдлагыг гартаа авмагц амлалтдаа хүрэхгүй байх олон арга хэрэглэдэг. Тиймээс би улс төрийн удирдагчдад хандаж тогтвортой, ногоон дэлхий ертөнцийг цогцлоох үйл хэргийг удирдан манлайлахыг уриалж байна. Би үүнд хэн нэг улстөрчийг хамаатуулаагүй учир үл ойлголцол гарахгүй байх гэж найдаж байна. 

Тогтвортой хөгжлийн зорилтуудын тэргүүлэх чиглэл болох өлсгөлөн, эрүүл мэнд, уур амьсгал, боловсрол, энх тайванч бодлого зэрэгт чиглэсэн хөрөнгө оруулалт, санал санаачилгыг нэмэгдүүлэхэд улс төрийн илүү их хүсэл зориг, бодлогын өөрчлөлтийг дэлхийн улс орнуудын Засгийн газрууд гаргах хэрэгтэй юм.  

Эрхэмсэг зочид, хатагтай ноёд оо,
КОВИД-19 цар тахал, шувууны ханиад, сармагчны цэцэг өвчин, Марбургийн вируст халдвар зэрэг сэтгэл зовоосон вируст өвчин дэгдэж байгаа нь биологийн олон янз байдлыг алдагдуулж, хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулж байгаад анхаарах шаардлагатай байна. 

Хүрээлэн буй орчны доройтлын улмаас биологийн олон төрөл зүйл, амьдрах орчин устаж үгүй болж байна. Хорио цээрийн дэглэм зөрчигдөж, зэрлэг амьтдаас хүнд дамжин халдварлах өвчний тохиолдол улам бүр нэмэгдэж байна. 2003 онд дэгдсэн SARS-аас эхлээд хэдхэн жилийн өмнөх КОВИД-19 цар тахал хүртэлх XXI зуунд дэгдсэн бараг бүх вируст өвчин амьтнаас хүнд халдварласан тохиолдлууд байв. 

Одоо л арга хэмжээ авахгүй бол хүн төрөлхтний ирээдүй асар их аюулд орох эрсдэлтэй байна. Юуны түрүүнд, нүүрстөрөгчийн ялгарлыг эрс багасгах хэрэгтэй юм. Монголд ирэх болгондоо би нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг том үйлдвэрүүдийг хардаг. НҮБ болон дэлхийн удирдагчид 2030 он гэхэд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 43 хувиар бууруулах шийдвэр, зөвлөмжийг гаргасан. Тиймээс та бүхэн үйлдвэрлэлийн бүх системээ өөрчлөх хэрэгтэй. 2050 он гэхэд үйлдвэр, аж ахуйн нэгжийн төдийгүй хүний амьдралын бүхий л үйл ажиллагаа нүүрстөрөгчийн давхар исэл, хүлэмжийн хий ялгаруулдаггүй хэв маягт шилжсэн байна гэдэгт та бүхэн итгэлтэй байх ёстой. 

Энэ бол маш том амбицтай зорилт юм. Гэхдээ зарим улс орон энэ зорилтод хүрч чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, Хятад улс 10 жилийн дараа нь буюу 2060 онд дээрх зорилтод хүрэх боломжтой гэж мэдэгдсэн ч 150 гаруй цөмийн реактор барина гэдгээ амлаад байна. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг саналыг нь хүлээн авсан юм. Харин Энэтхэг улс нүүрстөрөгчийн давхар исэл, хүлэмжийн хий ялгаруулдаггүй хэв маягт шилжих зорилтод 2060 онд бус, 2070 онд хүрнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ нь миний хувьд жаахан харамсалтай юм. Би энэ асуудлаар Энэтхэгт очсон боловч Ерөнхий сайд Н.Модитой уулзаж чадаагүй. Гэхдээ Хятад, Энэтхэг, Солонгос, Монгол, АНУ гээд  таны хаана амьдарч байгаагаас үл хамааран, уур амьсгалын өөрчлөлт бүх хүнд, манай дэлхий ертөнцөд бүхэлд нь нөлөөлж байна. Тиймээс бид нийгэм, эдийн засгаа нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаас аль болох хурдан ангижруулахын төлөө хамтран ажиллах ёстой. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахын тулд бидний хүрэх ёстой хамгийн чухал зорилт гэж үзэж байна.

Хамгийн гол нь, хөгжиж буй олон оронд нүүрс ашиглаж буй нь хүн төрөлхтнийг мухардлаас гаргахгүй гэдгийг бид мэдэж байгаа нь чухал юм. Шинжлэх ухааны судалгаа ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө нэмэгдсээр буйг нотолсоор байна. 

Үүнийг бид зурагт, гар утас, цонхоор гээд хаа сайгүй, эргэн тойрноос өдөр бүр харж байна. Гэхдээ уур амьсгалын хамгийн муу нөлөөнөөс зайлсхийж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нүүрснээс ногоон эрчим хүч рүү шуурхай, шударга шилжих сонголт бас бидэнд бий. Үүнтэй холбогдуулан би Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөнийг сайшааж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ирээдүйг харсан алсын хараатай санал санаачилгыг би талархан дэмжиж байна. 

Нөгөөтээгүүр, хамгийн эмзэг орнуудад үзүүлэх дэмжлэг хангалтгүй хэвээр байна. Даамжирч буй зөрчил мөргөлдөөн болон КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хямрал нь нийгэм эдийн засгийн ахиц дэвшлийг сааруулсаар байна. Иймээс байгалийн нөөц баялаг хомс, уур амьсгалын доройтолд хамгийн багаар нөлөөлсөн хөгжиж буй олон оронд санхүүгийн болон технологийн дэмжлэгийг хөгжингүй орнууд, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын гишүүн орнууд, Европын Холбоо, АНУ үзүүлэх ёстой. Хөгжиж буй орнуудыг дэмжих нь хөгжилтэй орнуудын ёс суртахууны болон улс төрийн үүрэг юм. Хөгжилтэй орнуудын удирдагчид энэ үүрэг хариуцлагыг нухацтай хэлэлцэж, БНСУ-ын Сөүл, Инчон хотод GCF (Дэлхийн уур амьсгалын сан)-г байгуулсан. Энэ сангаар дамжуулан хөгжиж буй орнууд илүү их хөрөнгө, технологиор хангагдана гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна.

Хатагтай, Ноёд оо 
Цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, зөрчил мөргөлдөөн нь манай дэлхийд шинэ чиг хандлага хэрэгтэй гэдгийг тод харуулж байна. 

Хүн төрөлхтөн юуг хэрхэн хийх ёстой вэ гэдэг дүр зургийг Тогтвортой хөгжлийн зорилтуудад маш тодорхой тусгасныг би онцолъё. 

Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахыг уриалж буй Тогтвортой хөгжлийн 5-р зорилтод хүрэхийн тулд бид хүчин чармайлтаа нэгтгэх ёстой.

Эмэгтэйчүүд чадавхжсанаар уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх хүчин чармайлт хоёр, бүр гурав дахин нэмэгдэнэ гэж үзэж байна. Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах нь дэлхийн хамгийн том сорилтуудыг шийдвэрлэхэд үнэхээр чухал юм. Тийм учраас миний бие үүсгэн байгуулсан Солонгос дахь “Бан Ги Мүн сан” болон Австри, Нью-Йорк дахь “Дэлхийн нийтийн төлөөх Бан Ги Мүний төв” маш шаргуу ажиллаж байна. Энэ бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувиар хүлээсэн миний үүрэг юм. Би та бүхэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. 

Хатагтай, Ноёд оо 
“Би”, “та” гэсэн салангид ойлголт байхгүй гэдэг нь тодорхой болсон. Энэ бол бидний хамтын ирээдүй юм. Тиймээс би иргэний нийгмийн удирдагчдад хандан, энэ бүх асуудлыг улс төр, бизнесийн удирдагчдад хүргэх нэгдсэн холбоо байгуулахыг уриалж байна. Удирдагч нар эвлэлдэн нэгдэж чадвал хүрэхгүй, чадахгүй зүйл огт үгүй болно. Бид бүгдийг хийж чадна. Энэ ялдамд хөгжиж буй орнуудад шаардлагатай санхүүжилт олгохыг хөгжингүй орнуудад уриалъя.

Уур амьсгалын доройтолд Монгол Улс хамгийн бага хор хөнөөл учруулсан. Далайд гарцгүй, хөгжиж буй, арлын жижиг орнууд ч уур амьсгалын өөрчлөлтөд багаар нөлөөлсөн. Яагаад гэвэл, аж үйлдвэрийнх нь хөгжил Их Британи, Европ болон АНУ, Солонгос, Японыхтой харьцуулахад маш доогуур байсаар ирсэн. Тиймээс хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад шаардлагатай технологи, санхүүжилт олгох нь тэдний улс төрийн үүрэг юм. Энэ үүргийг нь хангуулах чиглэлд НҮБ яг одоо анхаарч байна. Иймд дэлхийн нийтийн тогтвортой ирээдүйг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэцгээе. Үр дүнд нь хойч үеийнхэн маань илүү сайхан, гэрэлт ирээдүйтэй ертөнцөд амьдрах болно.  

Улс төрч, бизнес эрхлэгч, иргэний нийгмийнхний хүлээх үүрэг хариуцлага илүү өргөн цар хүрээтэй байх ёстой. Ингэснээр энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшилд бид хамтдаа хүрэх болно. 

Тогтвортой хөгжлийн зорилтууд нь үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чиглэсэн “Таван P” буюу хүн /people/, гараг дэлхий /planet/, энх тайван /peace/, хөгжил дэвшил /prosperity/, түншлэл /partnership/ гэсэн 5 эрхэм зорилготой. Тэгэхээр бид гараг дэлхийгээ хамгаалж байж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага хохирол учруулна. Энх тайвныг эрхэмлэснээр амар амгалан тогтнож, хөгжил дэвшилд хүрэх буй за. Эцэст нь бид бүхэнд түншлэл зайлшгүй хэрэгтэй. Чухам эдгээр таван эрхэм зорилгыг хамтад нь хэрэгжүүлбэл бидэнд хийж чадахгүй зүйл үгүй юм. Ингэснээр илүү сайхан ирээдүйг цогцлоож чадна. 

Дээр дурдсан таван эрхэм зорилгын салшгүй нэгэн хэсэг болсон Монгол Улсын иргэд, Засгийн газарт талархаж байна. Хамтран ажиллацгаая. Энэ бол бидний ёс суртахууны үүрэг хариуцлага юм. Ялангуяа, залуу үеийнхэн Та бүхэнд дуу хоолойгоо өргөхийг би уриалж байна. Та бүхэнд ийм эрх бий. Улс төрийн удирдагчид, бизнес эрхлэгчдэдээ та бүхэн дуу хоолойгоо хүргэж, дэлхийг болон Монголыг байгальд ээлтэй, тогтвортой хөгжилд хөтлөөрэй. 
Маш их баярлалаа. 
Холбоотой мэдээ