Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг эцэслэн баталлаа.
Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 71 нь тус тус дэмжлээ.
Хуулийн төсөлд Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 23,140,589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26,485,278.0 сая төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,932,432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байхаар тусгасан аж.
Үүний дараа “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Тус тогтоолд төсвийн тодотголын төслийг энэ оны 12 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан аж.
Ирэх оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахыг Засгийн газарт анхааруулав.