БАЯНХОНГОР: "Үзүүргүй цэнхэр говь"-оо олны хүртээл болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-11-11 10:34:40

Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор Шинэжинст сумын уугуул, аймгийн Зохиолчдын холбооны гишүүн, тарианланч, зураач, яруу найрагч Тантав овогт Төмөрийн Батжаргалын "Үзүүргүй цэнхэр говь" шинэ номын нээлтийн ёслол энэ сарын 9-нд аймгийн Нийтийн номын санд боллоо.


Номын баярт аймгийн Зохиолчдын холбооны гишүүд, яруу найрагчид, ахан дүүс, найз нөхөд, зураач, чөлөөт уран бүтээлчдээс гадна монгол хэл, бичиг судлаач, багш, сэтгүүлч, "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч, МУСГЗ Б.Элбэгзаяа оролцож, уран бүтээлийн дээжээсээ хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв. Найрагчийн номыг ус нутаг, унаган багынх нь анд МУСГЗ Б.Элбэгзаяа эмхэтгэн ариутгаж, монгол бичгээр хөрвүүлэн, өмнөтгөл бичсэн байна.

Т.Батжаргал төрөлх нутагтаа найм, 10 жилийн сургууль дүүргээд мал сүргээ маллан, жимс ногооны тариалан эрхлэхийн сацуу уран зураг болон яруу найргийн бүтээлээ туурвиж иржээ. Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа уран зурагт дурлаж, аймгийн Урчуудын эвлэлийн гишүүнээр элсэж, олон удаа үзэсгэлэн гаргасны зэрэгцээ эх байгалийн давтагдашгүй гоо үзэсгэлэн, түүний дотор говийн байгаль, хараа татам баян бүрдүүдийн онцлог, цаашлаад хүмүүний амьдрал, эцэг эхийн хайр элбэрэл, цэцгийн дэлбээ мэт урган төлжих, учрахын хамт салган одуулах залуу насны хайр даслын сэдвээр олон шүлэг найраг бичжээ. Ийнхүү насан багаас оролдсоор өөрийн авьяас мэдрэмжийн илэрхийлэл болсон яруу найргийн бүтээлийн сантай болсон ч түүнээ хэн хүмүүнд төдийлөн гаргахгүй хав дарж, басхүү биеэ голж, эгэл даруухнаар шүлэг найргаа хэлхсээр өдий хүрсэн байна.


Аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүн, яруу найрагч тэрбээр 2016 онд Баянхонгор аймгийн "Найргийн чансаа" наадамд Сэгс цагаан богд уул минь шүлгээрээ тэргүүн байр эзэлж, Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит "Хуурын эгшиг - 2021", "Би биш бид" аяны хүрээнд зохион байгуулсан яруу найргийн наадмуудад шүлэг уран бүтээлээрээ амжилттай оролцож байжээ. Ийнхүү олон жилийн бүтээлээ эмхэтгэн яруу найргийн болон уран зургийн дээж бүтээлээсээ "Үзүүргүй цэнхэр говь" анхны номоо туурвин уншигч олондоо барьж буй.



Холбоотой мэдээ