Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг эхлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Шадар сайдын баталсан бодлого, төлөвлөгөөний дагуу ОБЕГ-аас хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд зохион байгуулж буй гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг эхлүүллээ.
Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба нь 48 цагийн турш газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн ажиллах, ямар бэлтгэл, бэлэн байдлыг хангах дадлага сургуулилалтыг хийх юм. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 5:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгав. ГБХНХЯ, НДЕГ, ХХҮГ, ХГБХХЕГ, ХБХХЕГ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон 21 аймаг, 9 дүүргийн бүтцийн нэгжийн 400 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.
Жил бүр нэмэгдэж буй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг багасгах, гамшгаас хамгаалах үйл
ажиллагаанд олон нийтийн оролцоог хангахад иргэд, олон нийтэд мэдлэг олгох сургалт, сурталчилгааг тогтмол
зохион байгуулах шаардлага бий болсоор байна. Судалгаанаас харахад гамшигт
өртөж амь насаа алдагдсдын ихэнх хувийг хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн
бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Анх удаа хүн ам, нийгмийн хамгааллын улсын салбарын хэмжээнд дадлага сургууль зохион байгуулж байгаа нь онцлог юм.
Гамшгаас хамгаалах хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба /ГБХНХЯ/ гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах, цагийн байдлыг үнэлэх, гамшгийн үед ажиллах ур чадварыг дээшлүүлэх, шуурхай штабын үйл ажиллагаа, харилцан ажиллагааг тодорхойлох зорилготойг ГБХНХЯ мэдээлжээ.