“Кармен”-тай амралтын өдрүүд айсуй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-13 12:48:26

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Францын хамгийн алдартай дууриудын нэг Жорж Бизегийн “Кармен”-ыг Монголын театрын тайзнаа дахин амилуулах гэж байна.


П.Меримегийн зохиолоор хөгжмийн зохиолч Жорж Бизе туурвин 1875 оны гуравдугаар сард Францын театрт анх тавьсан нь “Кармен” дуурь байжээ. Харин УДБЭТ-ын тайзнаа энэхүү бүтээл анх монгол хэлээр тавигдаж, 1985 оныд дөрөвдүгээр сарын 5-нд тоглосон түүхтэй. Түүнээс хойш 30 жилийн дараа дахин шинэчилж, франц хэл дээр, анхны эхээр нь тавьсан юм. Тэгвэл "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд энэ сарын 16, 17-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох "Кармен"-ы гол дүр болох Карменыг гавьяат жүжигчин М.Дариймаа, залуу дуучин Т.Чулуунчимэг нар амилуулах нь ээ.


Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт эл дуурийн үйл явдал 1820-иод оны Севиль хот орчимд өрнөх бөгөөд эрх чөлөөтэй цыган бүсгүйн хувь тавилан, зан араншин, дотоод ертөнцийн эрч хүчийг илэрхийлдэг. Хүсэл, шунал, мэдрэмж, хүчирхийллийг тайзан дээр ихээр харуулдаг.энэхүү бүтээл нь анх 1875 онд нээлтээ хийснийхээ дараа ихээхэн шүүмжлэл сонсож байсан ч тун удалгүй асар их амжилт олж, дэлхий дахинаа хэдэн зуун удаа тоглогддог хосгүй бүтээл болсон билээ. П.Меримегийн алдар сууг гэрчлэх гайхамшигт бүтээл Кармен хүүхэн зохиолоос сэдэвлэн дэлхийн хөгжмийн гайхамшиг Кармен дуурь бий болсон түүхтэй.


Хувь зохиол нь ч, зан араншин нь ч халуухан, эрх чөлөөт цыган бүсгүйн дотоод ертөнцийн их эрч хүчийг гаргаж чадсанаараа Кармен дуурь гайхалтай юм. Уг дуурьт гардаг аагим халуунаар төөнөх Испанийн нар, хатуу дэгтэй цэргүүд, тариачид, олон түмэн, цыганууд, хил дамнан хулгайгаар наймаа хийдэг наймаачид, IX зууны Севиль хотыг бодитоор нь бүтээдэг юм.



Холбоотой мэдээ