Погбатай байгуулсан гэрээгээ “Ювентус” цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТТУРИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 16 /RIA Novosti/. Францын хөлбөмбөгчин Поль Погбатай байгуулсан гэрээгээ цуцалсан гэдгээ Италийн “Ювентус” клуб албан ёсны цахим хуудсандаа мэдэгджээ.
Погбагийн гэрээ арваннэгдүгээр сарын 30-нд дуусгавар болно. "Клубийн зүгээс Полийн мэргэжлийн хөлбөмбөгчний цаашдынх нь замналд хамгийн сайн сайхныг хүсэж байна" гэж “Ювентус”-ийн мэдэгдэлд дурдсан байна
Өмнө нь Спортын арбитрын шүүх (CAS) допингийн эсрэг дүрэм зөрчсөн Погбагийн эрхийг хассан хугацааг дөрвөн жил байсныг нэг жил зургаан сар болгосон юм. Тэрбээр 2025 оны нэгдүгээр сараас бэлтгэлдээ гарах боломжтой болно. “Ювентус” клуб Погбатай гэрээгээ цуцлахаар төлөвлөж байна гэж хэвлэлүүд мэдээлж байсан бол Погба тус клубт үлдэхийн тулд цалингаа хасуулахад бэлэн байна гэдгээ өнгөрсөн сард мэдэгдэж байв.
Өдгөө 31 настай Погба 2023/24 оны улиралд Сери А-гийн хоёр тоглолтод оролцжээ. Тэрбээр 2022 оны зун “Ювентус”-т эргэн ирсэн юм. Погба өмнө нь 2012-2016 онд Туриний клубт тоглож байсан бөгөөд дөрвөн удаа Италийн аварга болжээ. Мөн Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2018 онд дэлхийн аварга болсон юм.