Б.Баянмөнх: Уртын дуунаас ухаарлыг олж, сэтгэлээсээ дуулах ёстой гэж боддог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймагт халх, дөрвөд, захчин, торгууд гэх мэт 10
гаруй угсаатны бүлэг аж төрж байна. Тэд түүх, соёл, уламжлалаараа онцлогтой байдаг.
Энэ удаа дөрвөд уртын дууны онцлогийг тодруулахаар
Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн малчин Батхүүгийн Баянмөнхтэй уулзлаа.
Тэр нагац эгч болон нутгийн иргэдээс дөрвөд уртын дуу суралцаж, 40 гаруй жил дуулж явна. Түүний урын санд Зураг болсон бор, Хээр халтар морь, Сэтэртэй баахан шарга гэх мэт 10 гаруй уртын дуу бий.
Дөрвөд уртын дуу нь монгол уртын дууны хөгжлийн нэн эртний хэлбэр, үүргийг хадгалж үлдсэн. Ховор төрх, залгамж чанар нь алдагдах эрсдэлтэй, яаралтай хамгаалах, өвлүүлэх төрөл гэж судлаачид үздэг.
Б.Баянмөнх гуай хэлэхдээ, “Дөрвөд уртын дууг олуулаа дуулах бас морь унаж явахдаа дуулах үнэхээр сайхан. Байгалийн шинжийг хадгалж байдгаараа онцлогтой. Дөрвөд уртын дуу ухаарал хайрладаг. Үгийг нь ухаараад сэтгэлээсээ дуулах ёстой гэж боддог” гэлээ.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд 20 гаруй хүнд дөрвөд уртын дуугаа зааж, түгээн дэлгэрүүлсэн байна. Мөн олон удаа уртын дууны тэмцээнд оролцож, арга туршлагаа бусадтай хуваалцжээ.
Зарим
дөрвөд уртын дуу сонссон хүнд чоно улих, буга урамдах мэт сэтгэгдэл төрнө. Энэ
нь түүний байгалийн унаган шинж чанараа хадгалж буйг илтгэх мэт.
Дөрвөд уртын дууны зан үйлийн зориулалт нь нарийн бэлгэдэлтэй, далд ухамсар, зөн совин, төсөөллийн тод шинжтэй болох нь судалгаагаар тодорхойлогджээ.
Дөрвөд угсаатан хавар, зуны улиралд буюу урин цагийн эхэнд уртын дуу дуулахдаа үг, шүлгийг заавал бүрэн гүйцэд дуулдаг эртний уламжлалтай. Энэ нь элбэг, баян, тансаг сайхан цаг, улирлыг удаан үргэлжлэхийг бэлгэддэг. Харин намар уртын дуу дуулахдаа гүйцэд дуулах шаардлагагүй гэж үздэг. Учир нь хахир хатуу өвлийн улирлыг богино үргэлжлэхийг бэлгэддэг байжээ.
Мөн дөрвөд уртын дуу нь дотроо олон төрөл, баялаг зан үйл, ялгаатай байна. Зарим дуу нь богино ая, цохилготой. Энэ нь нутгийн онцлог, байгалийн тогтоц, огцом цавчин уулс, түргэн урсгалтай гол усны байдлыг дагасан байх магадлалтай юм.