ӨВӨРХАНГАЙ: Үзлэгт хамрагдсан 10 хүүхэд тутмын 9 нь шүдний өвчтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-22 15:30:30

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдөр сурагчдын дунд “Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах олимпиад” болж байна.


Дунд сургуулийн сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлж хэвшүүлэх, хүүхдүүдээр дамжуулан үе тэнгийнхэн, эцэг эхчүүдэд нөлөөлөл үзүүлэх зорилготой тус олимпиадад ерөнхий боловсролын 22 сургуулийн 176 хүүхэд оролцож байна.



Эхний жилд зөвхөн Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулж байсан бол энэ удаа аймгийн хэмжээнд хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа ба сургуулиасаа шалгарсан багууд аймгийн аваргын төлөө өрсөлдөж байгаа юм.


Тодруулбал, дөрвөн өртөө ажиллаж, сурагчдын мэдлэг, ойлголтыг шалгах, мөн печень идүүлж шүдийг бохирдуулсны дараа угааж, шүдний нарийн мэргэжлийн эмч нараар шалгуулах үйл явц өрнөж байна. Тэмцээний шүүгчээр боловсрол, эрүүл мэндийн салбарын 48 албан хаагч ажиллаж байна.


Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилтот жил” болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, ялангуяа хүүхдийн шүд, амны хөндийг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч байна.





Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга М.Золзаяа хэлэхдээ, “Амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах нь хүний эрүүл амьдралын гол үндэс суурь юм. Тиймээс “Эрүүл шүд” аяны төлөвлөгөө гаргаад 18 хүртэлх насны хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг төр, төрийн бус байгууллагатай хамтраад хийж байна.


Эхний зургаан сумын 730 хүүхдийг үзлэгт хамруулсан судалгаанаас харахад 10 хүүхэд тутмын 9 нь шүд хорхойтсон, нэг хүүхэд 6-7 хорхойтсон шүдтэй, бүр сүүн шүднээс 10 гаруй нь өвчилсөн хүүхэд ч байна” гэлээ.


Тиймээс шүдээ зөв угаах аргачлалыг хүүхэд бүрд эзэмшүүлэх, сургуулийн орчинд үдийн цайны дараа шүд угаах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг Эрүүл мэнд, боловсролын байгууллага хамтран хийхээр болжээ.





 

Холбоотой мэдээ