СҮХБААТАР: Түүхэн хүмүүнээс суралцахуй буюу гавъяат багшийн түүх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-25 19:59:33

Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш Ш.Оюуны хөдөлмөр бүтээл, алдрыг түгээх, хүүхэд залууст сурталчлах “Түүхэн хүмүүнээс суралцахуй” уулзалт, үзэсгэлэн Түмэнцогт суманд боллоо. Тэрбээр үзэсгэлэнгээ нийгэм, цаг үе хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж дэвшснийг эндээс харж болно хэмээн тодотгов.

 

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд энэ үйл ажиллагааг аймгийн СУАЖЗГ, Түмэнцогт сумын Соёлын төв хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд бага ангийн сурагч Ш.Оюунаас эхлээд түүний 50 гаруй жилийн ажил, амьдралын түүхэн замнал, амжилтыг харуулсан цуглуулгыг сэдэвчлэн дэлгэжээ.




“Хэвлэлээр мөнхөрсөн түүх” хэсэгт Ш.Оюун багшийн бие даан гаргасан, эмхэтгэсэн ном сэтгүүлүүд, сонин хэвлэлд өгсөн ярилцлага, хэлж байсан үг, ишлэлийг дэлгэсэн болАжил үйлс хөдөлмөр бүтээлийн бодит гэрч” сэдвийн хүрээнд бага боловсролоо онц дүнтэй төгссөн сайшаалын үнэмлэхээс эхлээд өдгөө сумынхаа Ахмадын хороог тэргүүлж, улсын шилдэг болгосныг гэрчлэх батламж хүртэлх алдрыг нь гэрчлэх баримтуудыг харуулжээ.



 

Харин “Алдрын булан”-д төрийн дээд одон медаль болон ТББ, нийгмийн оролцоог нь илтгэх гавьяа шагналууд харагдана. Тэрбээр боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж 1981 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар гавьяат цол хүртсэн. Сайн багшаас гадна сайн байгаль хамгаалагч, шилдэг нийгмийн идэвхтэн юм.

 



 

Дөрөв дэх хэсэг болохСурагчийн хөгжил багшаас” сэдэвт үзэсгэлэнг ЕБС-ийн газарзүйн танхимд дэлгэжээ. Эндээс яагаад гавьяат хэмээн дуудуулах болсныг харж болно. Багшаар ажиллаж байхдаа, 30-аад жил судалж, цуглуулсан хэрэглэгдэхүүн, үзүүлэн, судалгааны ажлууд нь энд бий. Жишээлбэл, Түмэнцогт суманд 60 зүйлийн 4000 гаруй ургамал байдгаас 2000 орчмыг нь түүж хатааж тус бүрийн судалгаа тайлбартайгаар бэлтгэсэн хатаамал бий.

Газарзүйн багш бол байгаль судлаач. Тийм учраас орон нутгийн байгаль, газарзүйн онцлогоо бүгдийг мэддэг байх ёстой гэж Ш.Оюун багш үздэг. Үүнийгээ ч өөрийн ажил хөдөлмөрөөр тод харуулж яваа нэгэн. Орон нутгийн байгалийн баялаг буюу ургамал, хөрс, эрдэс, чулуу зэргийг сургалтандаа ашиглах хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүдийн хичээлийн идэвх оролцоо эрс сайжирдаг гэдгийг тэрээр хэлж байлаа.



Түүний энэ бүх хэрэглэгдэхүүн, судалгааны бүтээлийг охин Ц.Мөнхбадар нь одоо ч сургалтдаа ашиглаж, мөн нэмэлтээр баяжуулсаар байгаа аж. Учир нь охин нь ээжийнхээ газарзүйн багшийн мэргэжлийг өвлөсөн бөгөөд мөн Монгол Улсын тэргүүний багшаар шалгарч байжээ.

 

Холбоотой мэдээ