ӨВӨРХАНГАЙ: Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 31 албан хаагч тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр,
2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн
жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.
Төрийн албаны тусгай шалгалтад тэнцэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 31 албан хаагч тангараг өргөж байна. Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд төрийн шинэ албан хаагчдад хандаж, “Хаант засаглалаа халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байгаа нь аз завшаантай, ховор тохиол юм” хэмээгээд ажлын байрандаа богино хугацаанд дадлагажин ур чадвараа дээшлүүлж, өндөр хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг захилаа.
Өвөрхангай аймгийн хэмжээнд 193 байгууллагад 6308 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 4690 буюу 74.3 хувь нь эмэгтэй, 1618 буюу 25,6 хувь нь эрэгтэй албан хаагч байна.
Тэдгээрээс
улс төрийн албан тушаалд 192, төрийн захиргаанд 679, төрийн үйлчилгээнд 5379,
төрийн тусгай албанд 58 албан хаагч ажиллаж байгаа юм.